Экспортыг дэмжих төсөл бизнес эрхлэгчдийн нэг удаагийн гарцыг нээх шаардлагатай

 

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банктай хамтран “ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ”-ийн нээлтийн ажиллагааг Шангрила зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Монголд ганц уул уурхайн бүтээгдэхүүн биш бусад салбарын экспортыг  дэмжих, экспортын бүтээгдэхүүн бий болгохоор Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос Монгол Улс  20 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Энэ зээл нь төслийн хүрээнд зарцуулагдах юм. Уг арга хэмжээнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, байр сууриа илэрхийлж, санал тавив.

Нээлтийн үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн  хэлсэн үгэндээ “ ...Экспортыг дэмжих төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт  .. нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлэх.. инноваци, гарааны бизнес, оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх, гадаадын зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжих” гэж,гэж, мөн Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрт бараа бүтээгдэхүү үйлдвэрлэх үндэсний стандартыг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх,... экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг зээл болон санхүүгийн бусад арга механизмаар дэмжинэ” хэмээн тодорхойлсон.” гэж тодотголоо.

Засгийн газрын Олон улсын хөгжлийн ассоциацитай байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс 20,0 сая ам.долларын хөнгөлттэй зээлээр ЖДҮ эрхлэгчдийн экспортыг дэмжиж, экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх, экспортын даатгалыг хэргэжүүлэх болон экспортын өрсөлдөөнийг дэмжих санхүүгийн дэмжлэг олгох юм байна.

Сангийн яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул уг төслийн хэрэгжилт, зохион байгуулалтын талаар танилцуулав. Тэрээр төсөл хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаар онцлохдоо “Санхүүжилтийн хэлэлцээр нь экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн бичиг баримт болно. Тус санхүүжилтын хэлэлцээрийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хурлаар 2016 оны долоодугаар сард хэлэлцэн баталж, 11 дүгээр сард соёрхон баталсан. Уг хэлэлцээрийн дагуу Сангийн яам болон төсөл хэрэгжүүлэх нэгж нь нэгд, төсөл хэрэгжүүлэх гарын авлага, хоёрт,  санхүүгийн дэмжлэг үзүүлэх гарын авлага боловсруулж, гуравт, Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-тай дэд гэрээ байгуулсан. “ гэв.

Н.Мандуулын дурдсан дээрх бичиг баримтыг Дэлхийн банканд танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр өнгөрсөн оны 12 сар болон энэ оны нэгдүгээр сард Дэлхийн банк, Сангийн яам хамтран баталжээ. Уг төсөл нь үндсэн хоёр хэсэгтэй юм байна. Нэгдэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ЖДҮ эрхлэгчдийг экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах зорилготой бол хоёрдахь хэсэгт  гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх, өрсөлдөөнийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох ажлууд явагдана. Гэхдээ төслийн хэрэгжилтийн явцад дамжуулан зээлдүүлэх гэрээ, туслах гэрээг байгуулан ажиллах юм байна. Энэ бүх гэрээ, бичиг баримтууд нь төслийг тогтвортой хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн гэж хоёр талууд үзжээ. Гэвч төслийн хэрэгжилтийн эхний шатанд олон улсын зөвлөх шинжээч нартай хамтран одоогийн хууль эрхзүйн орчинд цогц судалгаа, дүн шинжилгээ хийх юм байна.

Харин ХААДД ХК-ийн ерөнхий захирал Г.Энхтайван энэ үеэр “Хөдөө аж ахуйн давхар даатгал хувьцаат компани нь энэ төслийн нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Гадаад худалдааны бодлогын гол зорилго нь гадаад худалдааны үр ашгийг нэмэгдүүлэх, худалдааны таатай нөхцөлийг бүрдүүлж зах зээлийг тэлэхэд оршдог. Гэтэл Монгол Улсын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хувьд экспортлогч улс орон цөөн, худалдан авалтын эрсдэл маш өндөр, найдвартай харицлагч олоход бэрхшээлтэй, маркетингийн зардал өндөр, олон улсын стандартад нийцсэн лаборатори, боловсон хүчин,тоног төхөөрөмжийн дутмаг, экспортын зөвшөөрөл авахад хялбар бус зэрэг хүндрэл бэрхшээлүүд тулгардаг... Экспортын даатгал нь гадаад худалдааны эрсдэлүүдээс үүсэх хохирлыг хамгаалж, зээлийн эсрдэлийг бууруулах, бизнесийн ашигтай ажиллагааг сайжруулах боломж олгох юм” гэж илтгэл тавьсан юм.

Мөн Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Монгол орны хувьд экспортын бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, чанарын түвшин сайжрах, экспортын хэмжээ нэмэгдэх, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.” гэж онцлов.

Дээрх хүмүүсийн тавьсан мэдээллийн дараа нээлтэд оролцож байгаа хүмүүсээс асуулт болон санал тавиж байлаа. Компаниа төлөөлж ирсэн оролцогч “Санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын авч байгаа 20,0 сая ам. долларын хөнгөлттэй зээл эргэн төлөгдөх үү? гэж асуухад “Төслийн хүрээнд буцалтгүй тусламж ч байгаа. Гэхдээ энэ зээлээс шаардлага хангасан компаниудын эргэлтийн хөрөнгөнд нь санхүүжилт олгоно. “ гэж Сангийн яамны төлөөлөл хариулсан. Дараа нь нэгэн компанийг төлөөлсөн менежер “Төслийн уралдаан хэзээ зарлагдах вэ? Ямар ямар шалгуурууд тавигдах вэ? гэж тодруулахад “Дөрөвдүгээр сарын 3-наас вэб сайтад тавигдана. Харин бизнес төлөвлөгөөгөө бэлтгэж явуулах хэрэгтэй.  Энэ бизнес төлөвлөгөө чинь хамгийн чухал” гэсэн хариулт өгөв.

Гуравдагч оролцогчийн “Тсөлийн уралдаанд оролцоод шалгарсан компаниудад 20,0 сая ам долларыг яаж хуваарилж, хүртээх юм бэ?” гэсэн асуултанд  Б.Чойжилсүрэн сайд “Дэлхийн банк энэ төслийг дэмжиж, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос санхүүжүүлнэ. ЖДҮ эрхлэгчид томхон төсөл, бизнес төлөвлөгөөгөө манай Сангийн яаманд, эсвэл миний хаягаар аваачиж өгч болно. “ гэж мэдэгдлээ. Асуулт, хариултын дараа Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Ө.Баттулга нээлтийн үйл ажиллагааг хааж хэлэхдээ “Энэ төсөл бол цаг үеэ олсон ажил юм. Төсөл хэрэгжсэнээр Экспортын зах зээл дэлгэрэх ажил өрнөнө гэж бодож байна” хэмээн тодорхойлов.

Энэхүү арга хэмжээний дараа зарим оролцогч компанийн төлөөлөлтэй санал солилцож доорхи асуултыг тодрууллаа.

-Танай компани Экспортыг дэмжих төсөлд оролцох бэлтгэлтэй байна уу. Ямар бүтээгдэхүүнээр төслөө бичиж, дэмжүүлж, санхүүжилт авахаар төлөвлөж байгаа вэ?

-Бадрал ХХК-ийн төлөөлөл, Алтай бугат ХХК-ийн төлөөлөлүүд:

-Боломж олдвол энэ төсөлд хамрагдах сонирхол байна. Өнгөрсөн жилүүдэд төсөл бичээд, танилцуулж байсан. Гэтэл банкнаас “таны төсөлд  энэ удаа бага хувийн удаан хугацааны зээл олгох боломжгүй байна” гэсэн хариулт сонсдог байсан. Ер нь манай улсад том монополь компаниуд нь давуу эрх эдэлж, төслийн зээл,тусламж их авдаг. Тиймээс энэ төсөл тийм биш байгаасай. Харин энэ төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм бол жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, нэг удаагийн гарцыг нээж өгөх хэрэгтэй гэж хүсч байна.

 Б.Баярмаа