Оффшорчид, лиценз наймаалагчдыг шийтгэх нь монголчуудад илгээсэн тэнгэрийн зарлиг

Ноён уул, Оюутолгой оффшорт байна. Дэлхийн даяар оффшорчдыг шийтгэж байхад Монголын төр оффшорчдыг өөгшүүлж байна. Монгол Улсын өр оффшорт байна. Ийм уриа барьж зогссон монголчууд .

"Ард түмний онц түр зөвлөл” ТББ-аас санаачлан өрнүүлсэн “Оффшорын эсрэг нэгдье” тайван жагсаал өчигдөр 12 -15:20 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайд болсон юм. Жагсаалд маш олон хүмүүс иржээ. Жагсаал дундуур явж, хүмүүсийг ажиглав. Янз бүрийн насны хүмүүс ирсэн байлаа. Ахмад настнууд, дунд эргэм насныхан, залуучууд, оюутнууд гээд. Оффшорчдод хариуцлага хүлээлгэж, улсынхаа өрийг төлүүлж, ард түмнээ тайван амгалан амьдруулахын төлөө тэнд цугласан хүмүүс, зохион байгуулагчид үгээ хэлж байлаа.

Жагсагчид төрд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа оффшор данстай хүмүүсийг шалгуулах шаардлага тавьж буйгаа зоригтой илэрхийллээ. Мөн тэд “Оффшорт байгаа ард түмнээс хулгайлж нуусан баялаг 17 тэрбум доллар, хөрөнгийг эх орондоо авчиръя” гэж мэдэгдлээ. Түүнчлэн иргэний эр зоригтой, гэгээн ирээдүйн төлөө эх орончид бид тэмцэж, төр засагт байгаа бузар, булай луйварчдыг холдуулж, дийлье. Ард түмэн минь нэгдэе, дийлье гэж цугласан хүмүүс нэг зэрэг хашгирсан.

Үдээс хойшхи жагсаалын индрээс н.Мөнхсайхан гэх залуу хэлэхдээ ”Оффшорт байгаа мөнгө хаанаас эхтэй вэ? Та бүхэн мэдэх үү. 3500 гаруй лицензийг зарсан байдаг. Газраа, баялгаа зарж олсон мөнгө тэр оффшорт байгаа. Лицензийг хятадуудад зардаг. Одоо 3000 гаруй лицензийг зарах гэж бэлтгэж байна. Монголчууд бид 27 жил хүлээлээ. Гэтэл 27 жилд баялгаа ухуулаад бид юу ч үгүй, өртэй л үлдсэн байна. Тиймээс лицензийг хоригольё. Энэ бол монголчуудыг хуурсан заль юм шүү. Монголчууд бид тавхан ордоос хангалттай, баялаг амьдрах боломжтой юм шүү. Газар шороогоо, баялгаа бүү худалд гэж өвөг дээдэс минь тэнгэрээс гуйж байна. Монголын үр сад бид лицензийн эсрэг тэмцгээе. Бээжин хотод Монголын ашигт малтмалын лицензийг худалдан авах хороо байгуулсан гэж дуулдсан.Тиймээс би газар шороо, баялгийнхаа төлөө уйлж байна, сэтгэл өвдөж байна. Оффшорчид, лицензын эсрэг тэмцэх нь монголчуудад илгээсэн тэнгэрийн зарлиг юм. Оффшорчдыг зайлуулъя.” гэлээ.

....Оффшортой улс төрчид бол эх орноо зарсан хулгайч. Оффшорт хадгалсан мөнгөөрөө улсын өрөө төл. Залуу бид эх орондоо тайван ажиллаж, амьдармаар байна гэсэн уриа лоозон барьжээ.

  Энэ үеэр зарим иргэдтэй уулзаж байр суурийг нь сонсссон юм.

Жагсаалд оролцогч өмгөөлөгч: Оффшорчдын эсрэг жагсаалыг би дэмжиж байгаа. Цаашдаа ч дэмжинэ. Тэдний ард түмнээсээ хулгайлж гадаадад нуусан мөнгийг эргүүлэн авчрахыг шаардаж байна. Энэ бол авлига юм. Авлига бол урт хугацааны тэмцэл болдог. Би тэдний эсрэг тэмцэнэ.

Эмэгтэй: Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг дэлхийд дэлгэж тавиагүй бол монголын ард түмэн бид төрийнхөө хулгайчдад хууртсаар байх байсан. Олон улсын сэтгүүлчид сайн ажиллаж байна. Монголын сэтгүүлчид зоригтой ажиллаж, ийм луйварчдыг илрүүлэх хэрэгтэй.

Барилгын инженер: Монголын төрийн луйварчид ард түмний нэрээр гадаадаас зээл авч байна. Хулгайлсан зүйлээ Монголын эзэн болох ард түмэнд нь буцаан өгч, гадаадаас авсан өрөө төрийн луйварчид нь төлөх ёстой. Гадаадаас зээл авч байгаа нь Монголыг худалдаж байгаа хэрэг. Төр шударга бус явдлыг таслан зогсоох ёстой байтал өөрсдөө хулгай, луйврын үүрэг гүйцэтгэж, ёс суртанхуугүй, хариуцлагагүй байгаагийн төлөө хариуцлага нэхье.

Сэлэнгэ аймгийн иргэн Б.Баясгалан: Ах нь оффшорчдын эсрэг тэмцлийг дэмжихээр ирээд байгаа юм. Нэг зүйлийг хэлмээр байна. Юу вэ гэвэл зах зээлийн эхээр Сэлэнгэ аймгийн ТУЖИЙН нарсыг огтолж, Хятад Улс руу зөөж, бараг дуусаад байна. Үүнээс болж Монголын маш олон Модны үйлдвэрүүд дапуурсан. Шүдэнзний үйлдвэр бас дампуурсан шүү дээ. Би Сэлэнгийн Модны үйлдвэрт ажиллаж байгаад ажилгүй болсон. Гэтэл одоо Монголын хус модыг тайрч, Хятад руу гаргаж байна. Үүний мөрөөр сэтгүүлчид та нар очиж сурвалжлах хэрэгтэй. Тухайн жилүүдэд Сэлэнгэ аймгийн Модны үйлдвэрийн дэргэд Мебелийн үйлдвэр байсан. Энэ Мебелийн үйлдвэр нь хятадуудын мэдэлд очиж, тэд савх хийж Хятад руу гаргаж байгаа. Би 2015 оны зун Сэлэнгэ аймгийн Тагнуулын газрын даргатай биечлэн уулзаж, энэ асуудлаар санал тавихдаа тэднийг шалгаач. Үүний цаана авлига нуугдаж байгаа байх гэж хэлсэн. Харамсалтай нь арга хэмжээ аваагүй, одоо тэр Мебелийн үйлдвэрт хятадууд ажилласаар байна.

Сурвалжилсан Б.Баярмаа