Шүүгчдийг системд автоматаар томилох хэдий ч далдуур шударга бус хандвал хариуцлага тооцно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ системд "Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем"-д Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын прокурорын ерөнхий газар (УЕПГ), Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) зэрэг төрийн байгууллагууд холбогджээ.

Эрүүгийн хэргийн шүүхэд хавтаст хэрэг ирээд хэргийг санамсаргүй тохиолдлоор хуваарилах, Прокурорын байгууллагаас хэргийн мэдээлэл татах, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний мэдээлэл татах, холбогдох мэдээлллийг бүртгэх, нэгтгэх, тусгаарлах, шүүхэд шилжүүлэх, талуудад мэдэгдэх, хуралдаан хийж шийдвэр гаргах, давж заалдах зэргийг энэ систем зохицуулжээ. Мөн хяналтын шатны шүүхэд шилжүүлэн эцэслэн шийдэгдэх  хүртэл бүх ажиллагааг бүртгэх, таслан сэргийлэх арга хэмээ болон захиргааны зөрчлийн санал бүртгэн шийдвэрлэх нэгдсэн статистик тайлан гаргах боломжтой систем ашиглалтанд орж байна. Ингэснээр гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явц болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежмент сайжрах боллоо.  

Шүүхийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг шинэ систем нэвтэрснээр ямар давуу талтайг онцолж ярилаа. Тэрээр ярихдаа “ Шүүх шүүгчийн захиргааны ажил олон улсын түвшинд хүрч ажиллах эхлэж байгаагийн нэг нь энэ систем юм. Шүүхийн дотоод үйл ажиллагаандаа зориулж нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Энэ сангаас хэргийн холбогдогч өөрийн хавтаст хэрэгтэй танилцах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар энэ систем нь хэрэг хуваарилах ажиллагаа урьдчилан мэдэх боломжгүй, хараат бус, тэнцвэртэй, санамсаргүй тохиолдлоор хуваарилагдана.

Мөн Шүүх хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн системээс мэдээлэл авах, татаж авах, тухайн аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой асуудал ямар шатанд явж байгаа, хувь хүний мэдээллийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас шууд татаж авах боломжтой болж байна. Түүнчлэн шүүх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны процессын алдаа зөрчил арилах, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нэгдсэн удирлагатай болох, нэг хэргийг гурван шатны шүүх цогцоор харах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөх болон цаг хугацаа болон цаас хэмнэх зэрэг давуу талтай” гэлээ.

Энэхүү системийг нэвтрүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл, ХЗДХЯ хамтран ажиллажээ. Харин программ даалгаврыг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж, программын хөгжүүлэлтийг ХЗДХЯ-ны цахим төслийн нэгж боловсруулсан байна. Энэ нэгдсэн систем нь Цагдаа, Прокурор, Шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын дунд мэдээлэл солилцдог сан болж байгаа юм.

ШЕЗ-ийн Н.Лүндэндорж “Хууль, шүүхийн байгууллагын түүхэнд өнөөдөр тэмдэглэн үлдэх түүхт өдөр болж байна. Бид хэдэн жилийн өмнө гадаадын олон оронд нэгдсэн систем шүүх, хуулийн байгууллагуудад нь нэвтэрч, иргэддээ үйлчилдэг юм байна гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо бид салбартаа мэдээллийн нэгдсэн сантай болж, иргэддээ шуурхай, шударга үйлчлэх хяналтын систем Монголын хууль, шүүхийн байгууллагад нутагшиж байгаад баяртай байна. Энэ нь иргэдийн эрх ашгийг дээдэлж, хамгаалсан шударга үлй ажиллагаа юм” гэж хэллээ.

2015 оны байдлаар 7 дугаар сарын 8-ны өдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны “Хууль, шүүхийн байгууллагуудын цахим сүлжээ бүрдүүлэх” 23 дугаар тогтоол гарчээ. Энэ дагуу тус оны 9 дүгээр сарын 4-ний ХЗДХЯ, ШЕЗ,УЕП-ын байгууллагын удирдлагууд “Өгөгдөл солилцох дундын нэгдсэн сан бүрдүүлэх” тухай хамтарсан тушаал гарган энэхүү ажлыг эхлүүлсэн байна. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр ШЕЗ-ийн даргын тушаалаар “ Эрүүгийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг 4 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн  хэрэгжүүлэхээр заажээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр “2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Хууль зүйн салбарын байгууллагуудын хүний нөөц, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинэчлэн, хуульд заасан үүргээ стандартын дагуу хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж тусгасан.  Мөн ХЗДХЯ-наас дэвшүүлсэн энэ оныг "Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил" болгох зорилт хэрэгжиж буйн нэг бодит жишээ нь энэ системийг хүлээлгэн өгч байгаа юм.  Шүүх, хууль сахиулах байгууллагууд тус бүрдээ мэдээллийн сан бүрдүүлэх, дотоод үйл ажиллагааны удирдлагын систем болон анхан шатны бүртгэлийн системүүдийг нэвтрүүлэх ажлуудыг хийж байсан. Гэвч нэгдсэн стандартгүй мэдээллийн сангууд бий болсон. Цахим орчимд мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хангалттай нөхцөл бүрдээгүй, статистик мэдээ, мэдээллийн нэгдсэн эх үүсвэргүй нөхцөл байдлууд байлаа. 

Энэхүү систем нь прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлэх эрүүгийн хэргийн бүртгэл, Эрүүгийн хэргийг хараат бусаар системээс шууд хуваарилах үйл ажиллагаа, Эрүүгийн хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлэгдэж буй үйл явц, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний талаарх мэдээ, тайланг шуурхай гаргах боломж бүрдэж байгаа юм.Энэ нь шүүн таслах ажиллагааны хүрээнд ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Монгол Улсын үндсэн хуулинд зааснаар иргэн бүр шударга шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа нууц явагддаг.

Харин шүүхэд шилжсэнээс хойшхи тухайн хэргийн шийдвэрлэгдэх хүртэлх процессыг иргэн бүрт нээлттэй явуулах боломж нээгдэж байна. Хэрэгт хамааралтай иргэн төдийгүй сонирхогч иргэд, бусад байгууллага тухайн хэргийг шалгах ажиллагаа чухам аль шатандаа явж байгааг, хэргийг шалгах ажиллагааны талаарх мэдээлллийг хэн нэгнээс асууж, тодруулах биш, хэнээс ч хараат бус байдлаар цахимаар мэдэх боломжтой болж байгаа нь давуу юм. Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагаа, эрх зүйн бүхий л үйлчилгээ иргэдэд илүү ойртох, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, тэгш шударгаар үйлчлэх орчин нөхцлийг бүрдүүлэхэд томоохон алхам болно” гэж онцолсон.

С.Бямбацогт: Хэн нэгэнд ялгавартай, шударга бус хандсан тохиолдол илэрвэл захиргааны болон эрүүгийн, ёс зүйн хариуцлага оногдуулна

Ингээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд С.Бямбацогт сайд  "Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем"-ийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  Н.Лүндэндоржид хүлээлгэж өглөө.

Энэ үеэр Сайд С.Бямбацогтоос “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем" нь эрх тэгш, шударга байна гэж байна. Өмнө нь цагдаа, шүүхийн байгууллага хэрэг шийдэхэд хүний оролцоо хөндлөнгөөс байсан. Тэр нь заримдаа сөргөөр нөлөөлөх тал байдаг гэж ярьж байна. Жишээ нь, ямар нэгэн хэрэг шийдэхэд автоматаар нэг шүүгчид хуваарилаж, энэ нь нэгдсэн системд нээлттэй ил харагдах  боллоо. Гэтэл системд тухайн хэргийг нэг шүүгчид автоматаар хуваарилж байгаа ч цаанаа тухайн шүүгчтэй бодит харилцаа үүснэ. Тэр нь мэдээж ил харагдахгүй, далд байна. Тиймээс тухайн хэрэгт нөлөөлөх тал байх уу. Үүнд яаж хяналт тавих юм бэ?” гэж www.ardchilal.mn сайтын сэтгүүлч асуулаа. 

Тэрээр хариулахдаа “Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг боловсронгуй болгож, Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих баталгааг бэхжүүлнэ. Ер нь цагдаа, шүүх, прокурорын байгууллага иргэнд алагчлалгүй үйлчлэх зарчмыг чанд баримтлах үүрэгтэй. Хэн нэгэнд ялгавартай хандах, давуу байдал олгосон, шударга бус хандсан тохиолдол цагдаа, шүүгчдээс илэрвэл хуулийн байгууллагын албан тушаалтанд оногдуулах сахилгын, захиргааны болон эрүүгийн, ёс зүйн хариуцлага оногдуулна. Тэгэхээр хууль, шүүхийн байгууллагын бүх хүмүүс
чанд сахилга бат, дэг журамд суурилсан хүнлэг, иргэндээ ээлтэй, улсдаа түшигтэй, хууль хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах ёстой.” гэв.

Энэхүү нэгдсэн систем нь Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн, цагдаагийн байгууллагын дотоод холбоо, мэдээллийн нэгдсэн систем болон бэлэн бус торгуулийн системийг цагдаагийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлж, цагдаагийн байгууллагын түргэн шуурхай, иргэдэд чирэгдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ, Шүүхийн шинжилгээний чанарыг дээшлүүлж, бүртгэл, мэдээлэл, лавлагааны үндэсний нэгдсэн систем, дижитал судлал, инженер техникийн болон гэмт хэрэгтний сэтгэл зүйн шинжилгээний лабораторийг шинээр байгуулна гэж Засгийн газрын мөрийн хөтөлбрийн нэг хэрэгжилт нь болж байна.

Б.Баярмаа