Монголын “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд “ –эд мөрөө баталгаажуулсан Г.Жигжидсүрэн найруулагч

Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Гомбожавын Жигжидсүрэнгийн “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” номын  нээлт өнгөрсөн долоо хоногт болсон юм.

Тэрээр анхны бүтээл “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагийн түүхэнд мөрөө анх тамгалж ирсэн түүхтэй. Дараа нь түүний уран бүтээлийн оргил үе эхэлж, “Хүн чулууны нулимс", Бүлээн нурам", "Амин мөр" , "Их Нацагдорж", "Сэнгийн Эрдэнэ", "Хүннү гүрэн" уран сайхны болон баримтат уран сайхны цуврал, "Аймшигтай нүүдэл" зургаан ангит кино,  "Тэнгэрийн хөвүүн", "Очирваань шүтээн мину", "Учиртай гурван толгойг учирлахуй", "Салхич шувууны нүргээн", "Чөлөөлөх дайн" зэрэг 40 гаруй баримтат кино бүтээсэн байдаг.

Тэрээр анхны бүтээл “Анхны алхам” киногоороо Монголын кино урлагийн түүхэнд мөрөө анх тамгалж ирсэн түүхтэй. Дараа нь түүний уран бүтээлийн оргил үе эхэлж, “Хүн чулууны нулимс", Бүлээн нурам", "Амин мөр" , "Их Нацагдорж", "Сэнгийн Эрдэнэ", "Хүннү гүрэн" уран сайхны болон баримтат уран сайхны цуврал, "Аймшигтай нүүдэл" зургаан ангит кино,  "Тэнгэрийн хөвүүн", "Очирваань шүтээн мину", "Учиртай гурван толгойг учирлахуй", "Салхич шувууны нүргээн", "Чөлөөлөх дайн" зэрэг 40 гаруй баримтат кино бүтээсэн байдаг.

Монголын кино урлагт 55 жил зүтгэсэн тэрээр “сүүдэр шийний” баялаг түүхээс архивлан хуримтлуулж, эдүгээ ном болгон хэвлэж гаргажээ. Энэ бүтээл нь монголчуудад төдийгүй дэлхийн киноны урлагт нэгэн том түүхийг үлдээж буй гавъяа билээ.

Нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Монголын кино урлагийн түүхэнд маш том бүтээл хийсэнд танд баяр хүргэе. Энэ номыг бичихэд ямар цаг хугацаа зарцуулав?

-Энэ номны түүхэн баримтыг 1960 оноос хойш цуглуулсан юм. Монголын кино урлаг 80 жил болсон гэхэд би кино урлагт зүтгээд 60-аад жил боллоо. Эндээс улбаатай 80 гаран жилд Монголын кино урлагийн бүтээлүүдэд 300-аад уран сайхны кино байдаг. Үүнээс 55 би өөрийнхөө сайн мэддэг, Монголын үзэгчдийн сэтгэлд нь хоногшсон кинонуудыг сонгож, шилж, тайлж бичлээ.

-55:25 гэдэг тоо хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ тоонд ямар агуулга, санаа багтсан юм бэ. Номондоо юуг онцолж тусгасан талаар бодлоо хуваалцна уу?

-55:25 гэж юу вэ? гэж хүмүүс сонирхож асуугаад байна л даа. 55 гэдэг нь 300 киноноос шилсэн кино болон би 55 жил кино урлагт ажил, амьдрлаа холбосон учиртай юм.

-Тэгвэл 55 гэсэн тоонд хоёр том утга агуулгадаж байгаа юмаа даа.

-Тийм.

-Тэгвэл 25-д нь?

-25 гэдэг нь 60 жилийн дотор Монголын киноны урлагийн түүхэнд 25 бүрэн хэмжээний уран сайхны кино, тэр дайны баримтат кино, телевизийн баримтат кино, цуврал нэвтрүүлэг хийсэн. Энэ бүгдийг төлөөлсөн  55:25 гэсэн хоёр тоо байгаа юм. Харин “Сүүдэр шийний хүүхдүүд” гэдэг нь ойлгомжтой л доо.

- “Сүүдэр шинийн хүүхдүүд” гэж  нэрлэсэн учир нь юу байна вэ?

-Та “сүүдэр ший” гэдгийг юу гэж ойлгож байна вэ?

- Сүүдэр ший гэж үү. Ший гэдэг нь кино гэсэн утгатай үг. Дээр үед манай монголчууд киног ший гэж хятад үгээр ярьдаг байсан. тийм ээ?

-Тийм. Дээр үед Монголд анх удаа 1930-аад оны эхээр кино орж ирэхэд манайхан кино гэж мэдэхгүй, сүүдэр ший гэж нэрлэж байсан юм билээ. Хятадаар жүжиг юм даа. Харин хүүхдүүд гэдгийн учир нь Ром нээлттэй хот киноны зохиолч, дэлхийн агуу найруулагчдийн нэг Италийн Федерико Феллиний хэлсэн үг байдаг.Феллиний “Би өөрийнхөө хийсэн кинонуудын араас үр хүүхэд шиг санаа зовж, харж явдаг юм. Миний бүтээл бол миний үр хүүхдүүд мөн” гэж хэлсэн. Эндээс үндэслэж би номоо “Сүүдэр шинийн хүүхдүүд” гэдэг нэрээр нэрлэсэн.

-Номны гол нь санаа?

-Энэ ном юуны тухай бичсэн бэ гэвэл зөндөө урт юм ярьж болно. Би номны редакторын үгийг уншаад өгье. “Энэхүү ном нь Монгол киноны түүхийг бодит баримт, хувийн хандлагад тулгуурлан бичсэн хамгийн далайцтай анатологи, нэг талаас 1938 оноох хойшхи хахир үзэл суртал болон хувь хүний атармаатай жөтөөн дунд кино бүтээгчид хэрхэн тэмцэж, ямар золиосоор Монгол хэмээх кино үүсч хөгжсөн тухай төдийлөн танил бус түүхийн өчиг, нөгөө талаас найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1960-аад оноос өнөөг хүртэл гэрч нь болж бичилцсэн Монгол киноны түүхэн өгүүлэл бөгөөд түүвэрлэсэн бүтээлүүдийг өөрийн өнцгөөс тайлан уншсан дүн шинжилгээ юм“ гэж бичсэн. Энд гурван гаргалгаа байгаа биз.

-Тийм байна.

-Үүнийг л уншихад бүх юм ойлгомжтой болно. Харин редактор цааш нь бичихдээ “Саваагүйтсэн уншигчдад энэ номонд Монгол киноны түүхийг харуулсан, маш ховор, олон тооны хар цагаан,өнгөт зургууд, дэлгэгдээгүй баримтууд, маргаан дагуулах дүгнэлтүүд, содон тайлбарууд бий” гэжээ. Номын агуулга ерөөсөө л энэ. Сүүлд нь миний хэлсэн үгнээс иш татаж “Зохиогчийн бичсэнчлэн “Урлагийн бүтээл тэр дундаа кино бүх хүний таалалд нийцэх албагүй” гэж редакторын үг төгсч байгаа юм.

-За  Баярлалаа.

 

Д.Цэцэг:  Миний киноны урлагт хувь нэмрээ оруулах эхлэл өвөөгөөс минь эхэлсэн байх гэж боддог

 Нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн гэргий Д.Цэцэгтэй уулзаж, ярилцлаа.

-Нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай та хоёр хамтарч маш том ном бичиж гаргажээ. Баяр хүргэе. Энэ бүтээл бол Монголын кино урлагийн түүхэнд маш том гавъяатай бүтээл болжээ.Та гэргийн хувьд бас их хувь нэмэр оруулсан гэдэг. Сэтгэгдлээ хуваалцна уу?

- 1961 онд “Улаанбаатарт байгаа миний аав” кино найруулж байхад Жигжидсүрэн туслахаар орсон юм билээ. Тэгээд тэр цагаас эхлэн 1991 он хүртэл кино үйлдвэрт ажилласан. Дараа нь бие даасан уран бүтээлч болсон. Кино үйлдвэрт ажиллаж байхдаа надад “би ийм кино хийлээ” гэж хэлнэ. Тэр үед би киноны уран бүтээлд нь оролцдоггүй байсан. Харин энэ номыг бичиж байхад нь киног яаж зовж хийдгийг мэдэж, ойлгосон. Ингээд нөхрөө дэмжиж, ажилд нь оролцсон. Тэгээд кино хийж, найруулдаг ажлыг би залуу байхдаа сайн мэддэгүй байсан шүү дээ. Жийгээ “Анхны алхам”, “Эхлэл”, “Говийн нүдэн” зэрэг киноны зураг авч байсныг мэдэхээс цаашгүй, чухам яаж хийснийг би мэддэггүй. Жийгээ киноны удирдагч болчихоод ”Хатанбаатар” кино найруулж байхдаа нэг орой гэртээ ирээд “Яасан хэцүү юм бэ. Би ер нь дарга хиймээргүй байна” гэж хэлж билээ. Тэр үед уран бүтээл хийхэд хэцүү цаг үе байсан шиг байгаа юм. Ер нь манай Жийгээ их нямбай хүн л дээ. Зун болохоор гурван хүүхдээ дагуулаад, том хүү аавыгаа дагаж киногоор амьсгалчихсан. Хоёр ихэр хүү маань гэсэн аавыгаа дагаж явдаг байлаа.

-Тэр үед кино хийнэ гэдэг үнэхээр хэцүү цаг үе байсан гэдэг?

-Манай Жийгээ“Бүлээн нурам”, “Хүн чулууны нулимс” киног хийснээс хойш хүмүүсийн уур амьсгал гайгүй болсон.  Харин “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичиж байхад нь би уншиж байсан. Тэгээд үнэн юм уу гэхээр сэрдхийх зүйл бичигдсэн байхад нь Жийгээгээс асуухаар “Яг үнэн. Тийм байсан” гэж хариулна.

-Жигжидсүрэн найруулагч энэ номыг бичиж байхад та яаж ажиллав?

-Кино урлагт 55 жил болсон л доо. Энэ 55 жилийн киноны бүтээлүүдээс гурван бүлэгт хувааж, шигшиж оруулсан. Эхнийх нь “ Хөх толботой хүүхдүүд” бүлэгт нийт 37 кино бий. Хамтарсан “Ихэр жаалууд” бүлэгт нь зургаан, өөрийнх нь 25 киноноос 12 киног шигшиж оруулсан. Сор 50 бүтээлүүд гэж номын бүтээл анх эхэлж байснаа,тэгж явж байсаар “55:22 Шүүдэр шийний хүүхдүүд”нэртэй болгосон. Одоо бид Монголын киноны түүхийг харуулсан ном бүтээсэн нь их сайхан санагдаж байна. Би хийж бүтээж буй ажлын үеийн кинонуудын зургуудыг номонд нь нэлээд тавихыг голчилсон. Ер нь 1992 оноос хойш хамтарч ажилласан л даа. Жишээ нь “Анхны алхам” кинонд ажлаа хийж байгаа үеийн зургуудыг оруулах гэх мэт. Нөхрийнхөө найруулсан болон хийсэн бүтээлийг үсгийн дэс дарааллаар зурагтай нь архивласан.

-Хэзээнээс эхэлж кино урлагийн ажилд нь хамтарсан юм бэ?

- Дулааны инженер мэргэжилтэй. Яаманд гадаад харилцаанд ажилладаг байлаа. Ингээд нөхрийгөө түшиж, дэмжье гэж бодож, ажлаасаа гарч хамтарч ажилласан. 2008 онд би Үндэсний олон нийтийн телевизид ажиллаж, найруулагч болж гарсан даа их баярладаг. Мөн тэнд ажиллаж байхдаа МҮОНТ-ийн тэргүүний ажилтан болсондоо бахархдаг.

-Та хоёрын хамтарсан шинэ ямар бүтээлүүд байдаг вэ?

-Бид хоёр 2005 онд Монгол киноны нэвтэрхий толь ном бичиж гаргасан. Энэ бүтээл бол бид хоёрын Монголын кино урлагт хийсэн анхдагч нь юм. Анхдагч болсондоо үнэхээр их баяртай байдаг. Ийм ном яагаад хийх шалтгаан гарсан бэ гэвэл өнгөрсөн жилүүдэд манай залуу жүжигчид “Ардын эрх” киногоор хошин шог болгоод байхад нь би их эмзэглэж, Оюуны өмчийн газарт очиж хэлж билээ. Ингээд Оюуны өмчийн газар  та нөхрийнхөө бүтээсэн 25 кинонд зохиогчийн эрх авахгүй юу гэсэн. Ер нь миний өвөө Монголын анхны кино механикч Лувсанням гэдэг хүн байсан. Би 5 настайгаасаа өвөөгөө дагаж кино үздэг байлаа. Миний киноны урлагт хувь нэмрээ оруулах эхлэл өвөөгөөс минь эхэлсэн байх гэж боддог.

-“55:25 Сүүдэр шийнийн хүүхдүүд” номонд орсон 25 киног хэлж байна уу?

-Тийм. Энэ 25 киноны ард зохиолч, зураглаач, хөгжмийн зохиолч, жүжигчид, зураач ажилладаг.Тэр болгонд намтар бичдэг. Жишээ нь, Гомбо, Шаравжавын тухай бичихээр Жийгээгийн найруулсан кинонд оролцсон ч тэр хүмүүсийн өөрсдийнх бүтээж, хийсэн бүтээл, кинонууд бас гарч ирдэг. Тэр бүгдийг бичнэ шүү дээ. Ингэхэд  Монголын кино нэгтгэл 70 жилд 298 кино хийсэн байна гэдгийг ойлгосон. Дахиад киноны бүтээлүүдээс судлаж үзэхэд 2005-2015 онд Монголд 270 кино хийсэн байгаа юм. 70 жилд 298 кино хийсэн байхад 10 жилд 270 кино хийжээ. Бид хоёр кино урлагийн нэвтэрхий толийг хийж байхдаа залуу уран бүтээлчидтэй уулзаж бүтээлийг нь судалсан. Гэтэл хамгийн харамсалтай нь манай орны залуу уран бүтээлчид өөрийнхөө бүтээлд хүндэтгэлтэй ханддаггүй юм шиг санагдсан. “Чиний энэ жүжигт хэн тоглосон бэ, ямар учиртйа вэ “ гэх мэтчлэн асуухаар сайн тайлбарлаж мэдэхгүй, мартсан байх жишээтэй.

-Монголын кино урлагийн нэвтэрхий толь номоо гаргахад бас их хөдөлмөр зарцуулж дээ?

-Ер нь Монголын кино урлагийн нэвтэрхий толийг хийхэд бид хоёрт хэн ч туслаагүй, Кино нэгтгэлээс нэг ч мөнгө өгөөгүй. Бид хоёр байраа барьцаалж, Хаан банкнаас зээл авч номоо 2000 ш хэвлүүлж байсан.  Зээлээ төлөх гэж үгээ хэлж байсан даа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, прокурор байсан Дорлигжав, Ш.Батбаяр, Баабар нар нийт 500 ширхэг ном худалдан авч байсан. Ингэж л бид хоёр өрнөөс салж байсанд тэдэнд их баярладаг.

-Тэгэхээр гэр бүлийн хоёр Монголын кино урлагийн түүхэнд маш том түүхэн архив, эх сурвалж бүтээсэн байна шүү дээ?

-Тэгсэн тэгсэн. Хүмүүс бид хоёрын хийсэн нэвтэрхий толь номыг том эх сурвалж болгодог.

-Одоо энэ ном худалдаанд юм уу, танд бий юу?

-Одоо олдохгүй, дууссан. Дахин арай өөрөөр хийж, хэвлэх гэж ажиллаж байна. Залуучууд, хүмүүс их асууж байна гэнэ. Энэ нэвтэрхий толь номыг зарим хүмүүс канондож авч байгаа дуулдсан.

-Ингэхэд би 10 гаруй жилийн өмнө танайд очиж Жигжидсүрэн найруулагчийн тухай сурвалжлага хийж байсан. Тэгэхэд том хүү, хоёр ихэр хүүгээ танилцуулж байлаа. Сайхан санагдаж билээ. Одоо хоёр ихэр хүү юу хийж байна вэ?

-Нэг нь урлагийн түүхч. МУИС-д багшилдаг. Энэ хүү маань “55:25 Сүүдэр шийнийн хүүхдүүд” номны төгсгөлийн үгийг бичсэн. Нөгөө ихэр нь Америкт геологич. “Амин мөр” кинонд тоглож байсан хүү шүү дээ.

Монголын кино урлагт мөртэй хүн

Монголын кино урлагийн түүх болсон нэрт найруулагч Г.Жигжидсүрэнгийн “55:25 Сүүдэр шийнийн хүүхдүүд” номны онцлогийн талаар Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Тэрээр “Монголын кино урлаг 80 жилийн түүхтэй гэж үзэхэд 55 жилд нь кино найруулагч Г.Жигжидсүрэн багш  Монгол кино урлаг гэх их айлын хатавчнаас нь эхлээд хойморьт нь гартал ажилласан хүн л дээ. Тэр ажилласан үеийнхээ түүхэн замналаас, мөн Монгол кинонууд яаж бүтсэн түүхийг өөрийн үзэж, харсан, сонссон, оролцсон дурсамжтай хамт  “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” ном бичиж гаргасан байна. Тэгэхээр Монголын киноны түүхэнд ийм ном байхгүй. Урьд нь Монгол кино урлагийн нэвтэрхий толь 1,2 боть номыг гаргасан хүн шүү дээ.

Харин одоо шинээр гарсан энэ ном нь кино сонирхогч, соёл, урлаг, кино урлагийн чиглэлээр суралцагчдад гарын авлага болохуйц, эрдэм шинжилгээний том бүтээл гэж хэлэхээр сайхан бүтээл болжээ. Г.Жигжидсүрэн найруулагч маань Монголын кино урлагт  мөртэй хүн. 1960-аад онд “Анхны алхам” гэдэг бие даасан киногоо олны хүртээл болгосноос хойш 200--аад уран сайхны болон баримтат кино, телевизийн олон арван нэвтрүүлэг найруулсан шилдэг кино найруулагчдын нэг гэж үнэлэгддэг.” гэж онцолж хэлсэн юм.

 

Б.Баярмаа