Алдахаас нь өмнө аминчилж хэлж, сэвтэхээс нь өмнө сэхээрүүлэх нь чухал

ХЗДХЯ НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа”сэдэвт үндэсний чуулган энэ сарын 11-ний өдөр Туушин зочид буудалд болж байна. Хоёр өдөр болох чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багт ажилладаг 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын албан хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулганд оролцож байгаа байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогчдод эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, холбон зуучлах зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Монгол Улсад анх 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан ч “хийдэл” гарч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талд учир дутагдалтай байжээ.

Сүүлийн жилд Монголд хамгийн тайван сайхан амьдрах гэрийн орчин нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэл гардаг болсноор гэр бүлийн зарим гишүүд хохирч байна. Энэ талаар иргэдээс маш олон санал, гомдол, мэдээлэл холбогдох байгууллагуудад ирдэг болжээ. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулсан. Одоо тус хууль 2017-ны 02-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна.

Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал  гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан байна. Хуулийн заалт ёсоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв иргэн мэдээллэх үүргээ биелүүлээгүй бол өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгажээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас мянга мянган хүний элэг зүрх эмтэрч, мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан амьдарч байна. Айл гэрийн ноён нуруу хугарч, авааль гэргийнх нь итгэлийн хана нурж байна. Чухам тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан батлуулж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Амьдрал хайран дээр, бас аргадал ухаарал дээр тогтдог. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх амин сүнс нь олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил юм.

Алдахаас нь өмнө аминчилж хэлэх, сэвтэхээс нь өмнө сэхээрүүлж ойлгуулах шиг чухал зүйл үгүй билээ. Гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар “нүдэн балай чихэн дүлий” өнгөрдөг хуучин байдлыг халж, түүнийг мэдээллэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх, нэгдсэн мэдээллийн сантай болж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх  асуудал нь зөвхөн хуульд заасан чиг үүрэг бүхий байгууллагын ажил биш...Хүчирхийллийг нийгмээрээ жигшиж байж, хүчирхийлэлтэй нийтээрээ тэмцэж байж л сая үр дүнд хүрнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд гэсгээл зэм зайлшгүй гэдгийг ойлгуулах нь хамгаас чухал. Бас эндэж алдсан нэгэнд үйлдлээ хянах, үгээ цэгнэх гэмшил ухаарал хайрлаж, гэр бүлээ жинхэнэ өрхийн тэргүүн, үрийн эцэг шиг  авч явах сэтгэлийн хүчийг бэлэглэх нь хамгаас үнэ цэнэтэй. Ганц баганатай гэр салхи шуурганд хэврэгийн адил, өрх гэрийнхээ хос багана болсон эр, эм хоёр өвөр зуураа эв зохицолгүй бол зохиосон амьдрал зовлонгийн үүр болдгийг хэн хэн нь санаж, аливаад ууч бодол, уужим сэтгэлээр хандах нь зохистой гэдгийг залуу дүү нартаа захиж хэлэхэд илүүдэхгүй биз ээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Хууль батлагдлаа гээд санаа амарч болохгүй. Хэчнээн сайн хууль байлаа ч хэрэгжүүлэх ажил цалгар назгай орхигдвол хүчирхийллийн “мөсөн уул” хайлахгүй ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэх төдийгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, хойч ирээдүй болсон үр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг баталгаатай хамгаалах нийгэм-эрх зүйн цогц арга хэмжээ гэдгийг дор бүрнээ ухамсарлан ажиллах ёстой болохыг онцлон тэмдэглэж байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байж, хүчирхийллийн хүйтэн жавар эгнэгт арилах болтугай.” гэсэн юм.

Манай улсын хэмжээнд 2017 оны эхний гурван сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2,7 хувиар тус тус буурчээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу 2017 оны эхний гурван сард нийт 502 иргэнд аюулын зэргийн үнэлгээ хийгдсэн байна. Мөн 730 иргэнд хохирогчийн эрх, үүргийг болон хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нэг цэгийн үйлчилгээний төвд нийт 79 иргэн /эмэгтэй 40, эрэгтэй 2, хүүхэд 37/-г, Түр хамгаалах байранд нийт 72 иргэн /эмэгтэй 23, эрэгтэй 4, хүүхэд 45/-ийг төрөл садан, ойр дотны хүний хамгаалалтад нийт 710 иргэн /эмэгтэй 611, эрэгтэй 10, хүүхэд 92/-ийг авч ажилласан байна.

Чуулганы эхэнд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн. Харин НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн жендэрийн асуудал хариуцсан ажилтан Сужата Туладхар гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх үйлчилгээний багцуудын танилцуулга болон эрүүл мэнд, хууль зүй, нийгмийн үйлчилгээний талаар илтгэл тавьсан юм.

Тэрээр ярихдаа ”...Хүчирхийлэлд өртөгсөд болон мэдээлэл өгсөн хүмүүс, мөн үйлдэгчдийн тухай нууцыг хадгалах ёстой. Хүн төрөлхтний эрхэм чанар эрхийг нь хангах хэрэгтэй. ...Хүчирхийлэл үйлдэгчдэд сэтгэл засал хийж, буруу зан үйлийг засч, өөрчилж чадавхжуулах, тэдэнд сургалт, лекц зохион байгуулвал үр дүнтэй. Ийм үйл ажиллагааг явуулснаар дахин хүчирхийлэл үйлдэхгүй байх юм. Харин хохирогчдын аюулгүй байдлыг сайн хангаж, эрсдлийн үнэлгээ хийх, хохирогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх ёстой” гэсэн юм.

Үндэсний чуулганаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг цогц болгох зэрэг салбар дундын асуудлыг хөндөн санал солилцож байна. Эдгээр чиглэлээр хоёр өдөр хэлэлцэнэ.

 Б.Баярмаа