Тал бичээч Да.Жаргалсайхан язгуурын монгол хэлийг шингээсэн тоглолтоо хийнэ

“Монгол гүүшийн чуулган” ТББ-ын тэргүүн, Тал бичээч Да.Жаргалсайхан болон Морин хуурын “Жонон хар” төвийг үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, ая зохиогч Б.Сүхбаатар нар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр соёл урлагийн түгээлт, чиг хандлага, орон нутгийн үзэгч, иргэдийн санал хүсэлтийг уламжилсан “Орон нутгийн үзэгчдийн орон зай дахь урлаг” сэдэвт нээлттэй уулзалт хийлээ.

Да.Жаргалсайхан Монголын соёл урлагийн чиг хандлагын талаар “Урлаг бол үгийг бий болгодог, дэлгэрүүлдэг, хадгалдаг үүрэгтэй байдаг. Энэ бүгдийг би тоглолтынхоо эхэнд шингээж өгч байгаа юм. Хуучин язгуурын монгол хэл мартагдсан байна. Манай монголчууд ярианы хэл, бичгийн хэл, уран сайхны хэлээ ялгахаа больсон байна. Хамгийн наад захын жишээ төрийн албан бичигт “арга хэмжээ” гэдэг үг их хэрэглэдэг болжээ. Энэ үг бол зөвхөн хууль, шүүхийн хүрээний ял шийтгэлд хэлдэг үг. Ингэхээр УИХ хуулиараа эх монгол хэлээ эвдэж байна. Энэ мэтчлэнгээр язгуурын монгол маш олон үг хэллэг, ярианууд мартагдаж, хаягдаж байгааг сэргээх зорилготой тоглолтоо хийх гэж байна” гэж онцолсон юм.

Тэрээр цааш нь ярихдаа “Би өөрийнхөө уран бүтээлээс дээжилсэн “Хөхээтэй хүүндээн” тоглолтоо Увс, Ховд аймаг, Увс аймгийн Өмнөговь суманд толилуулаад ирлээ. Хөдөө орон нутагт тоглолт хийж явахад юу анзаарагдсан тухай товч онцолж ярья. Хөдөө орон нутгийн үзэгчид ямар санал, хүсэлт тавиж байна вэ гэвэл ямар нэгэн урлагийн тоглолт үзээд ямар нэгэн зүйлийг сэтгэлдээ ургуулж бодож үлдэх, тэрүүгээр хөглөгдөх чанар байхгүй болсон гэж байна. Ер нь хөдөө орон нутагт 1990-ээд оноос хойш зорилтот бүлэгт зориулсан тоглолт байхгүй болжээ. Хошин шог болон дуучдын тоглолт хөдөө орон нутгийн хүмүүсийн хүсэн хүлээсэн, тэр дундаа хүүхдэд үзүүлэх тоглолт байхгүй байна.

Дуучид, хошин шогийн тоглолтын үг, хэллэг нь зохистой, зохисгүй янз бүр байна. Зарим нь аятайхан ч тоглолт байна. Утга зохиол, хүүхэлдэйн, драмын театрын тоглолт хөдөө орон нутагт, ялангуяа алслагдсан нутгуудад соёл урлаг мартагдсан байна гэж тэд шүүмжилж хэлсэн. Миний уран бүтээлийн хөдөө орон нутагт болсон тоглолтын гол онцлог нь монгол хэлний баялаг үгийг урлагаар хүмүүст хүргэсэн юм. Одоо Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 19-нд Амгалангийн Соёлын төвд "Хөхээтэй хүүндээн" тоглолт болно. Энэ тоглолт нь үргэлжилсэн үгийн бөгөөд уран уншлагийн тайлбарласан хэлбэртэй байх юм. Хөдөө орон нутагт хийсэн тоглолт хүмүүсийн таашаалд нийцсэн учир Улаанбаатар хотод болон  дөрөвдүгээр сарын 21-нд Эрдэнэт,  дөрөвдүгээр сарын 22-нд Дарханд тоглолт хийхээр төлөвлөөд байна.” гэж хэллээ.

 

Харин морин хуур урлаач Б.Сүхбаатар үндэсний уламжлалт урлагийг язгуур шинжээр нь хадгалж, хөгжүүлэхэд манай төр засаг, ард түмэн дэмжих ёстой. Энэ нь Монголын өв соёлыг хадгалж, хамгаалах, дэлхийд таниулахад оруулж буй үнэтэй хувь нэмэр болж байгааг дурдаад “Тэнгэрийн хишиг”  тоглолт хийх болсон зорилгоо тайлбарлахдаа ”Би морин хуурыг 18 жил урлаж байна. Мөн монголын морин хуурын музей байгуулаад хоёр жил болж байгаа. Энэ музейгээ цаашдаа өөрийн байртай болгох зорилготой төсөл бэлтгэсэн. Энэ төслөө ард түмэнд таниулах зорилготой “Тэнгэрийн эгшиг” тоглолтоо дөрөвдүгээр сарын 24-нд хийх гэж байна.” гэж ярьсан юм.

Б.Баярмаа