100 суваг үзэх MongolSat-1 хиймэл дагуулыг тамгаллаа

Олон улсын хиймэл дагуулын ABS компани Монгол Улсын MongolSat Networks компанитай хамтарч ABS-2A болон MongolSat-1 хиймэл дагуулыг тамгалан тунгалах ёслол дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Шангри-Ла зочид буудалд боллоо.

Монгол Улсын зах зээлд ABS компани ABS-2A хиймэл дагуулын 12*27МГц-ийн багтаамж бүхийн техникийн хүчин чадалтай модулийг MongolSat-1 хиймэл дагуул брэндээр зориулан албан ёсоор нэвтрүүлэх болж байна. MongolSat-1 нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн анхны хамтарсан тамгалан тунхагласан хиймэл дагуул болж байгаа аж. MongolSat-1 нь хиймэл дагуулыг Монгол Улсын хэмжээнд үнэ төлбөргүй хиймэл дагуулын олон сувгийн тоон телевизийн үйлчилгээ, харилцаа холбооны болон өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээнүүдэд ашиглахаар боллоо.

Энэхүү ёслолын нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “ABS-2A хиймэл дагуулын техникийн өндөр хүчин чадалтай модулийг MongolSat-1 брэндээр Монголд нэвтрүүлж эхэлж байна. Энэ нь монголчуудад маань илүү үр нөлөөтэй бололцоог бүрдүүлж өгч байна. Тийм учраас Сингапурын ABS компани, Монгол Улсын MongolSat Networks компанитай удирдалгууд, хамт олонд Монгол Улсын Засгийн Газар болон монголчуудын өмөнөөс чин сэтглийн талархал илэрхийлье. Монголчууд бид нийслэлийн захын дүүргүүд болон орон нутагт амьдардаг ард иргэд сансарын холбоо, телевиз, интернэтийн үйлчилгээг өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн хэмжээнд хүлээж авах бололцоо бүрдэж байна. Мөн өргөн уудам нутагт ажиллаж, амьдардаг малчид, тариаланчид, уурхайчид  маань өнөөдөр өндөр чадамжтай, харьцангуй хурдан, хямд үнээр телевиз, интернэт сансарын холбооны үйлчилгээг авах боллоо. Манай Засгийн газар богино хугацаанд хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч энэ ажлыг зохион байгууллаа. Цаашид харилцаа холбооны салбарт олон хийж хэрэгжүүлэх ажил бий. Монголчууд, монгол хүн бүр дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг хүртдэг болохын төлөө Монголын засгийн газар ажиллана гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэсэн юм.

Энэ үеэр Сингапурын ABS компанийн үүсгэн байгуулагч, захирал Том Чой ”ABS компани нь MongolSat-1 –ийг тамгалан тунхаглах ёслол нь нэр хүндтэй, таатай үйл явдал юм. Тус компани нь Монгол Улсын хиймэл дагуулын зах зээлийн динамик өсөлтөнд туслан дэмжих, түүнчлэн тоон хуваагдлыг арилгах, шийдвэрлэх, орон нутгийн болон, алслагдсан хөдөө нутгийн  хөгжилд маш их дэмжлэг үзүүлнэ гэдэгт баяртай байна. Бидний зорилго Монголын Улсын олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн маш хямд үнээр хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэх нь чухал байгаа юм.

Энэхүү хиймэл дагуулаар 100 сувгийг үнэ төлбөргүй үзэх боломж монголын хот, суурин газрын төдийгүй алслагдсан хөдөө нутгийн иргэдэд үзэх боломж нээгдэж байна. Энэ үйлчилгээг шинэ iphone утасны тал үнээр худалдан авах боломжтой үйлчилгээ юм. Тэгэхээр мэдлэг, мэдээлэл бол маш их хүч болдог. Шинэ дэвшилтэт харилцаа холбоо, мэдлэг, мээдэлэлтэй ард түмэн хүчтэй байдаг.”хэмээн онцоллоо. Дашрамд сонирхуулахад, Том Чой нь Дэлхийн хэмжээний статусыг тэргүүлдэг Дэлхийн алдартны танхмийн хүндэт алдартнуудын нэг юм байна.

Дараа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ маш үнэ цэнтэй үг хэлсэн. Тэрээр “Өнгөрсөн хугацаа бүхнийг түүх гэдэггүй. Нэг дэвшилтэт үйл явдал ч түүх болдог. Тиймээс өнөөдөр Монголын хөгжилд онцлон тэмдэглэх түүхэн үйл явдлын нэг бол MongolSat-1 нь хиймэл дагуулыг олон түмний гэгээрлийн төлөө нэвтрүүлэх гэж байгаад баяртай байна. Дэлхийн олон улс орнуудад хиймэл дагуул, инноваци, дэвшилтэт технологи хөгжиж байхад Монгол Улс эдийн засгийн хямралтай байна гэж шинэ технологиос хойш сууж болохгүй юм. Харин  MongolSat Networks компани Сингапурын ABS компанитай хамтарч явуулж байгаа хиймэл дагуулын үйлчилгээ бол чухал шийдэл юм” гэж шинэ дэвшилтэт санаа, технологийг үнэлж хэлсэн юм. Энэ үеэр Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” хиймэл дагуул ашиглах болсон тухай батламжийг “ABS” компанийн захирал Том Чой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулав.

Харин МонголСат Нэтвокс компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “MongolSat-1 хиймэл дагуул брэндийн бүх тоног төхөөрөмжийг манай компани 2-3 сарын хугацаанд багтааж хийнэ. Зуны улиралд энэхүү өндөр хүчин чадалтай үйлчилгээг маш бага үнээр нэвтрүүлэх юм. Бусад харилцаа холбооны операторуудаас хямд үнээр иргэд, айл өрхүүдэд үйлчилнэ гэсэн үг.  Жишээ нь, алслагдсан хөдөө нутгийн иргэд, малчид хоёр төрлийн тоног төхөөрөмжийг худалдаж авснаар энэ сувгийг үзэх юм.” гэж тодотголоо.

Б.Баярмаа