С.Баяраа: Захиалагчийг нь илрүүлж, ард түмэнд нээлттэй шүүх хурлыг явуулах шаардлагатай

Монголд оюун санааны ардчилсан хувьсгалын салхийг хагалж явсан МоАХ-ны ерөнхий зохицуулагч, ардчиллын алтан хараацай С.Зориг агсны мэндэлсний 55 насны ойг  өнөөдөр өргөн тэмдэглэж байна. Түүний төрсөн өдрийг энэ сарын 20-ны өдөр олон арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

Өнөөдөр төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах С.Баяраа, дүү С.Оюун, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд болон төр, нийгмийн зүтгэлтэн, иргэдийн нийгмийн төлөөлөл, төрөл төрөгсөд, найз нөхөд, Зориг сангийн хамт олон нь хүндэтгэл үзүүлж, цэцэгсийн баглааг тавилаа.

Энэ үеэр түүний төрсөн ах Зориг сангийн зөвлөх, Элчин сайд С.Баяраатай ярилцлаа.

-Өнөөдөр таны дүү С.Зориг агсны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Танай гэр бүлд С.Зориг агсны 55 насны ойн баярын мэнд хүргэе. Та дүүгээ дурсаад, сэтгэгдлээ хуваалцна уу?

- Миний дүү С.Зоригийг өнөөдөр их сайхан, гэгээлгээр дурсах өдөр юм. Бид дүүгээ дурсаж хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө МУИС-ийн Нийгмийн ухааны салбарт С.Зориг агсны нэрэмжит танхимд оюутан залуучуудыг цуглуулж  Ардчилсан холбооны  УЗ-ийн гишүүн, ардчилсан хувьсгалын түүхийг бичиж байгаа СГЗ С.Амарсанаа Монголын ардчилсан хөдөлгөөний талаар лекц уншлаа. Тэр танхимд С.Зориг дүү маань  хичээл зааж байсан юм. Харин бид хөшөөнд нь ирж хүндэтгэл үзүүлж байна. Түүхийн музейд бэсрэг үзэсгэлэн гарч байгаа. Энд костюм, гэрэл зураг, мөн  хөшөөн дээр байгаа сугавчилсан цүнх зэрэг тавигдсан. Энэ жилдээ 55 насны ойд нь зориулж хэд хэдэн арга хэмжээ явуулна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-аас тогтоол гаргаж, С.Зориг агсны ойг төр засгаас өргөн тэмдэглэхээр санаачилж байна.

-Уучлаарай, нэг зүйл тодруулж асууя.С.Зориг агсны амь насанд халдсан гэж гурван хүнийг илрүүлж шүүхээр шийдлээ. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрээр шийтгүүлсэн тэр гурван хүн С.Зориг агсны амийг хөнөөсөн эзэд мөн гэдэг нь харагдаж байна уу, үгүй юу. Та ямар байр суурьтай байгаа вэ?

- С.Зоригийн хэргийн шүүх хурлын тухай хэвлэл мэдээллээр маш олон мэдээлэл гарч байна. Ард түмэн мэдэж байгаа. Бид шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ шүүх хурал хаалттай явагдсан нь одоо шийтгүүлээд байгаа гурван хүн мөн эсэхэд эргэлзэж байгаа юм. Ер нь энэ бол улс төрийн захиалгат аллага. Тиймээс захиалагчийг нь илрүүлж, ард түмэнд ил тод, нээлттэй шүүх хурлыг явуулах шаардлагатай. Энэ хэргийг нотлох баримтуудаар илрүүлэх ёстой.

Ардчилсан хувьсгалын анхдагчын хүсэл мөрөөдлийг цэвэр тунгалаг утгаар ойлгуулах нь чухал

Дараа нь С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзанданаас түүний төрсөн өдрийг тэмдэглэх тогтоолын төслийн талаар тодрууллаа.

Тэрээр ярихдаа “2017 онд Санжаарсүрэн Зориг агсны 55 жилийн ойг тохиож байна. АН-ын бүлгээс Монгол Улс орон даяар С.Зориг агсны 55 жилийн ойг өргөн тэмдэглэх УИХ-ын тогтоолын төслийг санаачилж өргөн барьсан. Залуучууд, хойч үедээ 1990 оны ардчилсан хувьсгалын үзэл санаа, ардчилсан хувьсгалын анхдагчын хүсэл мөрөөдлийг цэвэр тунгалаг утгаар ойлгуулах нь бидний эрхэм зорилго. Ер нь юм эхлэхдээ хамгийн тунгалаг байдаг. Явцын дунд бохирдож гажууддаг. Гэхдээ үе үеийн улс төрчид, залуучууд 1990 оны үзэл санааны ариун нандин чанар, ардчилсан хувьсгалчдын мөрөөдлийг бид үргэлж бодож байх ёстой. Ингэх юм бол Монголын улстөр зөв замдаа орно гэж би итгэдэг. “ гэв.

Энэхүү тогтоолын төсөлд “С.Зориг гэж хэн бэ” гэдгийг тодотгосон юм байна. Энэ талаар Ж.Батзандан гишүүн тайлбарлахдаа “С.Зориг агсан гэж хэн бэ? гэсэн сэдвийн доор уралдааныг оюутан залуучуудын дунд зарласан. Монголын оюутан, залуус энэ хүний Монгол орны төлөө хийсэн үйл хэргийн тухай, оюун санааны болон улс төрийн үзэл санааны тухай зохион бичлэгийн уралдаан, шатрын тэмцээн зохион байгуулна. Шатрын спортын мастер хүн байсан. Мөн телевизийн нэвтрүүлгүүдийг 2017 оны турш гаргана. С.Зориг агсны үзэл санаатай холбоотой шинжлэх ухааны ном гаргах зэрэг нийт 20 гаруй арга хэмжээг зохион байгуулах тухай тогтоолын төсөлд тусгасан. УИХ-д удахгүй оруулж,дэмжүүлнэ гэж бодож байгаа. Бид агуу хүмүүсийн агуу үзэл санааг  үргэлж дурсаж, хойч үедээ ойлгуулах нь бидний үүрэг.” гэж ярилаа.

Б.Баярмаа