Шинэ хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи "даллаж" байна

“Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал ШангриЛад дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү олон улсын хурал нь МҮХАҮТ-ын даргын нээлтийн үгээр эхлэв. Энэхүү хурал нь хөрөнгө оруулалт, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хотын хөгжил, хөдөө аж ахуй, мах сүү боловсруулалт, нисэхийн салбар зэрэг хуралдаан тай юм.

Уул уурхайн салбар хуралдаанд QMC группийн ерөнхий захирал М.Дагва "Алтны салбарын ирээдүй, амжилт", "Steinert Australia" компанийн гүйцэтгэх захирал Ёохан Ван Зил "Мэдрэгч технологийг ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь" сэдвээр илтгэл тавилаа. Уг салбар хуралдааны модератор нь APIAG MONGOLIA компанийн ерөнхий захирал Дэвид Рохана байлаа.

Дараагийн салбар хуралдаан нь сэргээгдэх эрчим хүчийг онцоллоо. Модератор нь "Нова терра" компанийн захирал Б.Бямбасайхан байв. Энэ хуралдаанд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү, тус яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Das energy компанийн ерөнхийлөгч Кристиан Дрийс, Clean energy Asia Компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон хүмүүс оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэ хуралдаанд Эгийн голын усан цахилгаан станцын явц, нар салхи хослуулах эрчим хүч үйлдвэрлэх боломж, уян хатан хөнгөн материалаар нарны эрчим хүч үйлдвэрлэх шийдэл зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Гурав дахь салбар хуралдаан "Хотын хөгжил" гэсэн сэдвийн дор өрнөлөө. Энэ хуралдааныг Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан чиглүүллээ. Хуралдааныг нээж НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийг хариуцсан орлогч П.Баярхүү үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ ”Нийслэлийн  дэд бүтцийг хөгжүүлж, амьдралын таатай орчныг бүрдүүлж ажиллана.Улаанбаатар хотын худалдаа үйлдвэр үйлчилгээ, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчныг бүрдүүлсэн, шинжлэх ухаанд суурилсан шинэ техник технологийг нэвтүүрлэнэ. Багануур, Налайх, Багахангай, Эмээлт зэрэг газруудад дэвшилтэт технологи бүхий үйлдвэр технологийн парк байгуулж, ажлын байрыг бий болгож, нийгмийг тогтвортой орлоготой болгоно. Мөн үйлдвэрлэлийн өндөр технологийн 150 гаруй үйлдвэрийг барьж, 20 гаруй мянган ажлын байрыг шинээр нэмэгдүүлэхэд маш их хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Улаанбаатар хотын ачаа тээврийн ложистикийг барьж байгуулна. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр нийтийн тээврийн үйлчилгээг шинэ шатанд оруулна. Ингэснээр хотын авто хөдөлгөөний түгжрэл сайжирч, нийгмийн тавтай, аюулгүй зорчих нөхцлийг хангана. Хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод төрөлжсөн аялал жуулчлал, соёлын төв барьж байгуулна. Түүнчлэн хотын их төвлөрөлтийг зохицуулж, 2015-2020 онуудад Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттайгаар орон сууц, дэд бүтцийг барина. Мөн залуучууд, ахмадуудыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг иргэдийн зохион байгуулалтайгаар гэр хорооллын төлөвлөлтийг хийж, иргэдэд хямд өртөгтэй орон сууцаар хангахыг зорьж байна.” гэлээ.

Энэ хуралдаанд Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ "Хотын хөгжилд хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавив. Хотод хийгдэх хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг энэ үеэр танилцууллаа. Topwerk Prinzing-Preifer-ийн Зүүн Европ Азийг хариуцсан захирал Александр Пробст, HESS Группийн Зүүн Европ, Азийг хариуцсан захирал Рафаел Рэш нар "Технологийн хөрөнгө оруулалт-Ирээдүйн хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавьсан юм. "Сектех" группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзий "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн эко парк Улаанбаатар төсөл"-ийг танилцууллаа. Үүнээс гадна "Хотын хог хаягдлыг мэдрэгчээр ялгаж ангилах нь" гэх мэт сонирхолтой илтгэлүүдийг уг салбар хуралдаанд тавилаа. Д.Бат-Өлзий хэлэхдээ 2018 оны 6 дугаар сард хог ангилах үйлдвэр барьж ашиглалтанд оруулна. Одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалтаар төвлөрсөн хогийн цэгүүдэд 12 төрлийн үйлдвэр барина гэж төлөвлөөд байна.” гэж хэлсэн юм.

Б.Баярмаа