Хөрөнгө оруулагч үндэстэн ба компанийн дотоод соёл амжилтанд хүргэх нь

"Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт дөрөвдүгээр сарын 22-нд эхэлсэн  юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтаар санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд цуглаж, бизнесийн амжилт, алдаа, саад бэрхшээл, шинэ технологи гээд олон сэдвээр байр сууриа илэрхийллээ.

Чуулганы гол зорилт нь Монголын хамгийн том хөрөнгө оруулалтын үндсийг тавих ,Монголын эдийн засгийн байдал, санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөгийн орчин нөхцөл, эдийн засаг дахь банк санхүү болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох юм байна. Мөн хөрөнгө оруулагчид, иргэд, компаниуд, бизнес эрхлэгчдийг цуглуулан хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид шиг баялагаа үр ашигтай удирдах арга ухааныг түгээх, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах, Монгол компаниудыг дэлхийн дижитал хувьсгалд бэлтгэх зэрэг олон зорилтуудыг тавьжээ.

Өчигдрийн байдлаар чуулган гурван салбар хуралдлаа. А танхимд нь “Дижитал зах зээл дэх старт-ап бизнесүүд” сэдвээр “What and Words”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик,Хуур Мьюзик групп компанийн үүсгэн байгуулагч, захирал С.Дөлмандах, Монгол шуудан ХК-ийн дэд захирал Г.Тэлмэн, УИХ-ын гишүүн, МҮЦАЭХ-ны хүндэт ерөнхийлөгч Д.Цогтбаатар, BRB- ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, Өмч хувьчлал Монголд: Боломжууд ба өнгөрснөөс авах сургамж сэдвээр Монгол шуудан ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Эрдэнэс Монгол ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, УИХ-ын гишүн асан, Монгол Улсын 21 дэхь Ерөнхий сайд, эдийн засагч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Гложекс компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар, Эрдэнэс Монгол компанийн дэд захирал Г.Ганболд нар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Харин чуулганд оролцогчдын ихэнх нь сонирхон сууж, сонссон “Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө” сэдвийн хүрээнд болсон уулзалт байлаа. Энэ сэдвийн хүрээнд ADVEQ Holding AG компанийн гүйцэтгэх захирал Бруно Рашле, Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Монполимет компанийн ерөнхий захирал Н.Мөнхнасан, “Bенчурс Уан Ази” гүйцэтгэх захирал Антони Хоброу, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дэд дарга Рандолф Коппа, Заг группын ерөнхий захирал Б.Нэмэхбаатар нар өөрсдийнхөө бизнесийн амжилт, нууц, алдаанаас ярьж, зөвлөгөө өглөө.

Энэхүү хэлэлцүүлэг амжилттай яваа компаниудын захирлуудын онцлог, хөрөнгө оруулалт хийх ба гарах тохиромжтой цаг, зайлсхийж болохуйц томоохон алдаанууд, түүнээс сургамж авах, мөн томоохон хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид юу хийх ёстой вэ гэсэн асуудалд хариулт авахын тулд харилцан яриа болон шууд асуулт тавьж, хариулт авсан хэлбэрээр явагдсан юм.

Энэ хэлэлцүүлгийн эхэнд Рандолф Коппа хэлэхдээ хөрөнгө оруулалтыг татах тийм амар биш гэдгийг онцолж байсан бол Бруно Рашле “Зах зээлд хөрөнгө оруулалт оруулахдаа мэдээж ашиг хүртэхийг хэн ч хүснэ. Энэ ашгаа урьдчлан тооцох ёстой. Жишээ нь, бидний оруулж байгаа хөрөнгө оруулалт байгаль, экологид ямар хор нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид судалдаг. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө маш нарийн, олон талын судалгаа хийдэг юм. Нэг компанид хөрөнгө оруулахаар хэлэлцээр хийхдээ бараг 40-50 удаа утсаар ярьж, биечлэн уулзаж хөрөнгө оруулах уу, үгүй юу гэдгээ шийддэг.“ гэж хэллээ. Тэрээр цааш нь “..Ер нь сайн сонсогч байж, шийдвэр гаргах хэрэгтэй. Та нар “Бизнесийн сэтгэл зүй” гэдэг номыг уншаарай. Компаниуд яагаад дапуурдаг вэ. Зөв менежменттэй шударга үйл ажиллагааг явуулж чадахгүй бол дампуурна шүү дээ. Хамгийн гол нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашиг, тэдний болон компанийн ажилтнуудын санал, хүсэлт, байр суурийг сонсч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ёстой. Мөн компанийн дотоод соёл амжилтанд хүрэх их чухал үзүүлэлт болдог. Дотоод соёл өндөр байвал амжилтанд хүрч чадна” гэж зөвлөсөн.

Хамгийн гол нь зах зээлд хөрөнгө оруулж бизнес хийхдээ зөв хамтрагчаа олж, зөв замаар, илтгэлцэл хүлээж байж, мөн зах зээлээ мэдэрч ажиллавал илүү амжилттай бизнес болох юм байна гэдгийг энэ үеэр модератор онцлов. Дараа нь Заг групп компанийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатар “Манай төр засаг Оюу толгой, Таван толгойн ордоос баялгаа алдаж байгаа. Үүнийхээ хойноос тэмцэж хөөцөлдөхгүй байгаад би гайхдаг. ..Ер нь монголчууд бид олуулаа нийлж хувьчлалд оролцох хэрэгтэй. Монголын санхүүгийн зах зээлд 95 хувь нь банкны салбар ажиллаж, бусад чиглэлийн даатгал гэх мэт салбарууд хөгжихгүй байгаа нь өрөөсгөл байгаа юм.” гэж ярив.

Монполимет группын ерөнхий захирал Н.Мөнхнасан ярихдаа “Монполимент компани нь байгаль экологийн орчны нөхөн сэргээлтэд хүчин чармайлт гаргаж, байгаль орчин, нийгмийн хариуцлагын асуудалд анхаарч ажилладаг. Манай хэрэгжүүлж байгаа төслүүд үр өгөөтэй байх ёстой гэж үздэг. Бид үр ашигтай, бага эрчим хүч, технологи ашигладаг. “ гэсэн юм. Мөн тэрээр би сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргадаггүй гэдгээ илэрхийлж байсан.

Хас банкны нэрээр алдаршсан Ч.Ганхуяг амжилтынхаа талаар хэлэхдээ ”Би таван хүүхэдтэй. Миний таван хүүхэд миний баялаг хөрөнгө оруулалт юм. Би анх банкны салбарт 24 насандаа орж ажиллаж эхэлсэн. Тэр үед миний хамгийн сайн, шударга зөвлөгч ээж маань байсан. Би өдийг хүртэл энэ салбартаа ажиллаж, ээжийнхээ зөвлөмжийг баримтлаж, улмаар ажилдаа туршлагажаад явж байна. Хамгийн гол нь хүн системтэй, итгэл хүлээцэж, итгэлийг дааж ажиллавал үр бүтээмж өндөр байдаг” гэлээ.

Харин Антони Хоброу “Зах зээлд бизнес хийхээр болбол эхлээд бизнесийн санааг олох, хоёрт сайн хүнийг олох хэцүү байдаг. Хамгийн чухал нь сайн санаатай сайн хүнийг олно гэдэг бүр хэцүү” гэж онцолсон бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дэд дарга Рандолф Коппа “Хөрөнгө оруулалтыг хийхээс өмнө бизнесийн санаа тийм чухал биш гэж бид боддог. Хамгийн гол нь хэр сайн менежмент явуулж чаддаг чадвартай менежер хүн бэ гэдгийг сайн харах хэрэгтэй” гэж туршлагаасаа хуваалцлаа.

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд ADVEQ Holding AG компанийн гүйцэтгэх захирал Бруно Рашле “Бид 100 000 төслөөс ганцыг л санхүүжүүлдэг. Хамгийн гол нь бизнесийн концепци энгийн байх ёстой. Компанийн засаглалыг зөв зохион байгуулаарай, дураараа битгий зүтгэж байгаарай. Сайн сонсогч байж юуны өмнө сураарай” гэж зөвлөв.

Ийнхүү энэ өдрийн чуулга уулзалтын нэг гол сэдвийн хүрээнд явагдсан туршлагатай, чадвартай, амжилтанд хүрсэн хүмүүсийн сургамжаас сонссон завшаантай өдөр болов. Чуулганыг санаачлан, зохион байгуулсан Ард Санхүүгийн нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөрөнгө оруулагч үндэстэн чуулга уулзалтад уригдан оролцсон хүмүүс болон зохион байгуулсан оюутан, залууст талархал илэрхийлээд, амжилт хүсэв.

Энэ үеэр МАН-ын гишүүн, "Пертовис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, "Луна луна" ХХК-ийн эзэмшигч Ж.Оюунгэрэл чуулга уулзалтад оролцсон сэтгэгдлээ хэлэхдээ “Энэ чуулга уулзалтанд маш ажил хэрэгч хүмүүс болон залуучууд илүү давамгай оролцож байна. Танхим дүүрэн суусан хүмүүс чив чимээгүй сонслоо. Энэ нь надад их гайхалтай санагдлаа. Энэхүү чуулга уулзалтын гол мэсэж бизнесийн хамтын ажиллагаа, зөв, сайн хамтрагчаа олж зах зээлд хөрөнгө оруулах нь илүү чухал гэсэн сургамж байгаа юм.“ гэж байлаа.

Б.Баярмаа