Г.Галаарийдий: Нэг ч төгрөг төлөхгүйгээр сая төгрөг зээлж авах боломжийн талаар тайлбарлаж байна

 

Технож” бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарийдийтай хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаас шүүрч авсан санаа болон Монголд шийдвэрлэж болох  асуудлын талаар тодрууллаа.

-Та Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаас бизнестээ юу олж мэдсэн бэ?

-Монгол Улсад хийе, бүтээе гэсэн залуучууд их олноор бий болжээ. Харин тэдэнд санхүүжилт олдохгүй байна. Монголчууд банканд байгаа мөнгөө эргэлтэнд оруулах, бизнес руу оруулах, мөн хүн бүр хувьцаа эзэмших маягаар хөрөнгө оруулалтын загварыг ярьж байна. Миний хувьд хэлэхэд “Бид монгол үндэстнээрээ  хөрөнгө оруулагч больё” гэсэн уриалгыг хэлмээр байна. Яагаад гэвэл Монголд бизнесийн санхүүжилтийн 95 хувь нь зөвхөн банкнаас хамаардаг. Гэтэл дэлхийн олон оронд хувьцааны зах зээл өндөр хөгжсөн. Хувьцааны зах зээлээс гадна сошиал ертөнц маш хурдтай явж байгаа учраас энэ сүлжээгээр дамжуулж, хөрөнгүүд бий болдог юм байна. Түүнчлэн саналуудаа хэлэлцдэг гэх мэт тусгайлсан старт-ап загвар олон улс оронд хөгжсөн байдаг. Энэ загваруудыг Монголд нэвтрүүлж, улмаар иргэдээ хамруулж хөгжүүлэх хэрэгтэй.

-Энэ загвар нь аль улсад илүү их хөгжсөн байдаг юм бэ. Тухайлбал, яг ямар загвар юм бэ?

-Өндөр хөгжилтэй Америк, Европын холбооны улсуудад их хэрэглэж байна. Жишээ нь, бид интернэт рүү ороод апликэйшин татаж авч, нэг ч төгрөг төлөхгүйгээр сая төгрөг зээлж авах боломжийн талаар тайлбарлаж байна. Иймэрхүү олон загварууд олон улсад байдаг тухай энэ чуулганаар ярилцсан.

-Чуулганы онцлогыг өөрийнхөө өнцгөөс харахад?

-Хамгийн гол нь Монгол иргэдийгээ бизнес сэтгэлгээтэй, хөрөнгө оруулалтын зөв чиглэл рүү явахыг уриалж байгаа нь энэ чуулганы гол онцлог байлаа.

Б.Баярмаа