Жуулчны гудамжны үйлчлэгч О.Энхтөр: Нэг цаас, хог байсан ч цэвэрлэдэг

Өнөөдөр / 4 дүгээр сарын 25/ өглөө нар эртлэн гийж, цаг агаар тогтуун сайхан байлаа. Сансар тунелийн дэргэдэх Оросын соёл шинжлэх ухааны төвийн орчмоос  Занабазарын музейн урд талын Төрийн банк хүртэл алхав. Улаанбаатар хотын маань төв хэсгийн гудамж нэг үеэ бодвол харьцангуй цэвэрхэн, хоггүй болсон байна. Ялангуяа  Блүү моон галерейн орчмоос  эхлээд  Занабазарын урд байдаг Төрийн банк хүртэл хоггүй шахам ,цэмцгэр байлаа. Ирэх замдаа түр саатан Гутлын 22-ын хойд тал буюу хуучнаар Тагнуулын ерөнхий газрын орчмын замын хог цэвэрлэж байсан эмэгтэйтэй ярилцлаа. Энэ хавийн зам, хөрс маш цэвэрхэн, чийглэг байв. Өглөө эрт Түүхийн музейгээс Монгол банк хүртэлх байгууллагууд гаднах орчноо чийглэдэг юм байна.

-Өглөөний мэнд. Сайхан хаваржиж байна уу та. Уучлаарай тантай хэдэн минут ярьж болох уу?

-Сайхан хаваржиж байна. Сайн уу?

-Сайн. Би www.ardchilal.mn сайтын сэтгүүлч юмаа. Энэ орчмын зам, зүлэг их цэвэрхэн. Бас хоггүй байдаг. Та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Оршихын Энхтөр гэдэг. Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний компанид үйлчлэгчээр ажилладаг.

-Та өглөө эрт ирж энэ хавийн зам, хогийг цэвэрлэдэг үү. Ер нь хэдэн цагт ажилдаа гардаг юм бэ?

-Тиймээ. Би өглөө таван цагт ажилдаа гарч, орой таван цаг хүртэл ажилладаг.

-Таны хариуцаж цэвэрлэдэг газар аль хэсэг нь вэ?

-Жуулчны гудамжийг хариуцаж цэвэрлэдэг. Цаг уурын газар, Улаанбаатар банк, Монгол банк, Гутлын 22, Түүхийн музей хүртэл цэвэрлэж байна. Би энэ гудамжийг бараг 4-5 жилийн өмнөөс цэвэрлэдэг болсон.

-Уучлаарай, цалин хэд вэ?

-650 000 төгрөгний цалинтай. Хоёр хувааж авна. Нийгмийн даатгал төлдөг.

-Ажлын нормын хувцас хангалттай өгдөг үү?

-Ажлын хувцас хангалттай өгнө. Маск, бээлий зэрэг бүх хувцсаар хангадаг. Өдөрт нэг удаа хоол өгдөг.

-Гудамж, тайлбай, зам цэвэрлэж байхад танд ямар нэг хүндрэл, бэрхшээл тулгарч байна уу?

-Цэвэрлэгээ хийж байхад заримдаа хүнд загнуулах үе гардаг.

-Гудамжаар заримдаа алхаж явж байхад юм уу автобусны буудлын дэргэд зогсож байхад зам талбай цэвэрлэдэг хүмүүс маш их тоос шороо бужигнуулж шүүрдэж байдаг.  Гэтэл таны цэвэрлэж байгаа хэсэг их цэвэрхэн, бас чийглэг байх юм. Та өөрөө чийглэсэн үү?

-Энэ хэсгийг албан байгууллага өөрсдөө чийглэсэн байгаа юм. Би зам, талбай, зүлэг модны ёроолд байгаа хог, новшийг цэвэрлэдэг.  Нэг хог, цаас байсан ч цэвэрлэнэ.

-Ялангуяа өөрсдийн хариуцсан ахуй орчны хог, шороо шүүрдэж байхдаа усаар чийглэж цэвэрлэх боломж та нарт байдаг уу. Цэвэрлэдэг орчмын газарт байрладаг байгууллагаас ус авч чийглэж болдоггүй юу?

-Бидэнд ийм боломж байдаггүй. Албан газрууд усны тоолууртай болсон болохоор бидэнд тэр болгон ус өгөөд байхгүй. Зарим албан газрууд машинаар чийглэж, шүүрдэж цэвэрлэх тохиолдол байдаг.

-Тэгвэл хуурай цэвэрлэгээ хийж байгаа нөхцөлд наад зах нь та маск зүүж хог, шороог цэвэрлэхгүй бол эрүүл мэндэд хортой шүү дээ. Тухайлбал, хамар, чихээр тоос шороо орж, нян үүсэх магадлалтай?

-Тийм зүйл байдаг. Уушигны бронкет өвчинтэй байнга байдаг болсон. Маск байнга зүүж чадаггүй юм. Агаар амьсгалмаар санагддаг.

-Иргэддээ хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?

-Зам, гудамж, талбайгаар явахдаа хогоо хогийн савандаа хийж, биеэ соёлтой авч явж байгаарай гэж хэлмээр байна.

Б.Баярмаа