Хүнийг хүн биш болгож болохгүй, хүн чигээр нь байлгаж хэргийг шалгах ёстой гэв

Хууль зүйн хүрээлэнд МУИС-ийн Хууль зүйн бодлогын хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр боллоо. Энэ хэлэлцүүлэг нь МУИС-ийн шинэ форумын хоёр дахь цуврал нь юм байна. Тус хэлэлцүүлэг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл ба хүний эрх” сэдвийн хүрээнд явагдаж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал чиглүүллээ. Хэлэлцүүлгээр эрүүгийн процесс дахь хүний эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар онцлон ярилцсан.

УИХ-ын гишүүн Л.Болд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрхийн тухай”, Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяр “Эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх шатанд гэм буруугийн зарчмыг хангах нь”, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Эрүүгийн процесст халдашгүй, чөлөөт байх эрхийг хамгаалах нь”, тус сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Д.Баярсайхан “ Цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах шаардлага: нийтлэг жишиг, чиг хандлага” сэдвүүдээр илтгэл тавилаа.

Үдээс хойшхи хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Хүний эрх, шударга ёсоор хуулийн засаглалын асуудлыг шийдэх болгонд хуучин угшсан практик, хуучин арга барил, өөрсдөд нь байгаа хэмжээ хязгааргүй эрх мэдлээсээ салах дургүй байдаг хэсэг хүмүүс дандаа зөрчилддөг. Энэ асуудлыг түүхийн талаас дахин сайн судлаж харах байх гэж бодож байна.” гэж онцлов.

 Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд гэмт хэргийг хяналтандаа байлгах гэж чухалчилж ирсэн түүхтэй. Монголын түүхийн бүх цаг үед энэ хяналтыг чухалчилж ирсэн. 1992 онд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг тунхагласан атлаа Эрүүгийн хуулинд 1942 оноос хойшхи нэг л үзэл баримтлалаар “Гэмт хэрэгтэнг цээрлүүлж байх ёстой. Гэмт хэрэгтэн хэзээ ч хариуцлагаас мултрах ёсгүй. Үйлдсэн гэмт хэрэг нь хүлээлгэсэн хариуцлагатай тохирсон байх ёстой” гэсэн онол, үзэл санааг баримтлаж ирсэн. Гэхдээ нөгөө талд нь арай өөр үзэл баримтлал яригддаг. Тэр нь 1992 онд Үндсэн хууль батлагдсанаар Монголын үнэт зүйл болсон хүн эрх чөлөөтэй байх ёстой юм. Хүнийг хардаж сэрдэж болно. Гэхдээ хардаж, сэрдсэн цагаасаа эхлээд буруутгаад, эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гэсэн үзэл санаа тавигдсан. Хэрэг шийдвэрлэх процесс шударга байх ёстой гэсэн үзэл санаа олон оронд жишээ нь, Америкт батлагдсан. Аливаа хэргийг шийдэхдээ хүнийг хүн биш болгож болохгүй, хүн чигээр нь байлгаж хэргийг шалгаарай гэдэг үзлээр ажилладаг.” гэж ярилаа.

 Б.Баярмаа