Монгол-Казахстаны ард түмний түүхэн харилцаа нь өнөөдрөөс илүү өргөн байх боломжтой

Монгол, БНКазУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яамны  Мутрын түшээ танхимд нээлтээ хийлээ.

БНКазУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин нээлтийн эхэнд “Хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоох тусгай протоколд гарын үсэг зурсан байна.25 жилийн хугацаанд хоёр улс хамтын ажиллагааны 50 гаруй бичиг баримт, гэрээ хэлэлцээр байгуулсан. Монгол бол тусгаар тогтносон БНКазУ-д Элчин сайдын яамаа нээсэн анхны улсын нэг. Хоёр орны харилцаа тогтвортой, тууштай хөгжиж байна.” гэж онцлон тэмдэглэлээ.

Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол, Казахстаны ард түмэн өнө эртнээс түүхэндээ найсаг харилцаатай байсан нүүдэлчин үндэстнүүд юм. Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс энэ онд хэд хэдэн томоохон айлчлал зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комисс Астана хотод ээлжит хурлаа хийнэ. Хоёр орны дипломат харилцааны хүрээнд тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэлсэн юм.

Хоёр сайд үг хэлсний дараа Казахстан Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Сангийн яамны сайд асан Э.Бямбажав болон бусад зочин Ш.Гунгаадорж, Х.Аюурзана, Д.Дашням, Р.Хатанбаатар нарыг БНКазУ-ын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, анхны дипломат Назир Төрекуловын нэрэмжит медалиар шагнав. Назир Төрекулов нь 1893-1937 онд амьдарч байсан бөгөөд Казахстан Улсын анхны казах дипломат, нийгмийн нэрт зүтгэлтэн юм байна. Түүний нэрэмжит энэхүү медалийг 2003 оноос хойш "Казахстаны гадаад бодлогод оруулсан хувь нэмрийн төлөө" Казахстан Улсын Гадаад хэргийн яамнаас олгож эхэлжээ. Ийнхүү үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн асан, академич А.Бакей, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав болон БНХАУ, БНТУ зэрэг орны Элчин сайдууд оролцлоо.

          Казахстан Улсын холбогдох мужуудтай манай улс аймгуудаа холбож, шууд харилцааг өргөжүүлэх боломжтой юм

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн ёслолын дараа Монгол Улсаас Казахстан улсад сууж байсан анхны Элчин сайд Э.Бямбажаваас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар тодрууллаа.

Тэрээр “25 жилийн өмнө Казахын ард түмэн шинээр бие даасан тусгаар улс болж байсан. Тухай үеийг өнөөдрийн энэ өндөрлөгөөс харьцуулахад өсөлт, хөгжил, дэвшил байна. Цаашид Монгол-Казахстаны ард түмний түүхэн харилцаа нь өнөөдрөөс илүү өргөн байх боломжтой. Ер нь Казахстаны ард түмэн монголчуудад бусад орны хүмүүсээс илүү хүндэтгэлтэй ханддаг юм. Казахстаны ард түмний сайхан харилцаа, үндэс, өнөөгийн бүтээн байгуулалтын ололт нь өнөө цагийн зах зээлд шилжиж, энэ зарчмаар улс орноо үр дүнтэй хөгжүүлж болдогын үлгэр жишээ юм. Тиймээс манай улс Казахстан Улсаас суралцаж, авах зүйл их байдаг. Одоогийн харилцаа санасан хэмжээнд хүрээгүй байгаа ч цаашдаа улам их өргөжнө гэдэгт найдаж байна.

Нэг жишээ дурдахад, Казахстан Улс мужуудаа хөгжүүлэхдээ гадаадын орнуудын тухайлбал, Герман орны зарим мужуудтай өөрийн орны мужуудад харилцаа холбоо тогтоож, хөгжүүлдэг уламжлалтай. Үүнтэй адил Казахстан Улсын холбогдох мужуудтай манай улс аймгуудаа холбож, шууд харилцааг өргөжүүлэх боломжтой юм. Түүнчлэн хоёр орны гадаад худалдааны харилцааг хөгжүүлэхэд Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд нэгдэж, тээвэр, гаалийн татварын асуудлыг хөнгөлж шийдвэрлэх хэрэгтэй.” гэж ярилаа.

 Б.Баярмаа