Д.Цэрэндагва: Эмч, иргэд аль аль нь хүлээцтэй хандаж, бие биенээ ойлгож, харилцах нь чухал байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дарга, шинжлэх ухааны доктор Д.Цэрэндагватай эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар ярилцлаа.

- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо ямар үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос салбар хороодын дарга, нарийн бичгийн дарга нар, мөн ажиллаж байгаа хүмүүсийнхээ чадавхийг дээшлүүлэх сургалт, семинарыг  Эмнэлгийн тусламжийн удирдах газар, Дэлхийн банктай хамтарч зохион байгуулсан. Энэ хороо нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дагаж мөрдөх хэм хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллаж байна. Сая болсон семинар нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрддөг дүрэм журмыг шинэчлэх чиглэлээр хэлэлцлээ.

-Эмч,эмнэлгийн мэргэжилтний ёс зүйд олон нийтэд шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг сайжруулахын тулд ямар ямар саналууд яригдав?

-Эмнэлгийн байгууллагад үйлчлэгчдээс гарч байгаа санал гомдол голдуу харилцаа хандлагатай холбоотой байдаг. Мэргэжлийн ур чадварын санал, гомдол харьцангуй бага гардаг юм. Тиймээс тэдэнд харилцаа, хандлагын асуудлыг зааж сургаснаар, мөн дүрэм журам, хууль гаргаснаар сайжрихгүй байна. Ерөөсөө үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн мэргэжилтэн хоёр харилцан бие биенээ ойлгож, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Дүрэм журам хэрэгжүүлэхээс илүү ёс зүйн хэм хэмжээгээ дагаж мөрдөх,үйлчлүүлэгчтэй зөв харилцах чиглэлээр санал нэлээд солилцлоо.

-Ёс зүйн хороодоос ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Ёс зүйн хороод иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэхийн төлөө биш, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлдэг байхаар шинэчлэл хийнэ. Зөвхөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд биш иргэд, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, ёс зүйн чиг хандлагатай холбоотой ойлголтуудыг өгөх хэрэгтэй. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажил хүний амь настай холбоотой цаг хугацаа шаардсан хөдөлмөр учир ажлын ачааалал их байдаг. Янз бүрийн бухимдал үүсдэг учир эмч, иргэд аль аль нь хүлээцтэй хандаж, бие биенээ ойлгож, харилцах нь чухал байгаа юм. Энэ асуудлаар бид харилцан ярилцаж, сайн ажиллаж байгаа хөдөө, орон нутгийн эмч, эмнэлгийн туршлагаас солилцох, эмчийн ёс зүйн зөрчлийг бүртгэх мэдээллийн санг шинэчлэх ажлыг төлөвлөж байна.

-Эмч нар иргэдээс мөнгө авч үйлчилдэг тухай мэдээлэл байдаг. Жишээ нь, Нэг иргэнд тохиолдсон явдлыг сонссон. Хүүхэд нь сургуулиасаа тараад явж байтал хүүхэд түлхээд хамрын ясыг гэмтээжээ. Даатгалын дэвтрээр Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд мөнгө авч эмчилгээ хийсэн байна. Эмч нар яагаад үйлчлүүлэгчээс мөнгө аваад байгаа юм бэ?

-Манай Ёс зүйн хороо эмч нарын ёс зүйтэй холбоотой асуудлыг шийддэг. Ёс зүйн дагаж мөрдөх хэм хэмжээ олон хууль дүрмийн хүрээнд явагддаж байгаа. Жишээ нь, ийм асуудал Авилгалын тухай, Захиргааны зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийдэгдэнэ. Хэрэв эмч нарын гаргаж байгаа зөрчлүүд нь үнэн бодитой бол хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. Ёс зүйн хяналтын хороо тэдний хоорондын харилцаа, хандлагын улмаас гарсан санал гомдлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажилладаг.

-Хамрагдах хүрээгээ өргөжүүлэх хэрэгтэй юм биш үү?

-Олон чиглэлээр ажиллаж байгаа. Мэргэжлийн алдаа бол Мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоогдож, Мэргэжлийн зөвлөлөөр шийдвэрлэнэ.

- Мэргэжлийн ёс зүйд мэргэжлийн алдаа, өвчтөн, үйлчлүүлэгчээс мөнгө авсан алдаа хамаарагдахгүй, тусгай хуулиудаар шийдэгдэж, зохицуулагдна гэсэн үг үү?

-Ёс зүйн хяналтын дүрмийн дагуу эмч нар ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөж ажиллах ёстой.

Б.Баярмаа