Ч.Хашчулуун: Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Таван толгойн хэлэлцээрийг зайлшгүй ярих хэрэгтэй

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуунтай НҮБ-ын 2017 оны Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгаатай холбогдуулж, Монголын эдийн засгийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

-НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгаа 2017 оны тайлангийн онцлогоос хэлж өгнө үү?

-Хоёр өдөр НҮБ-аас Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгаа 2017 оны тайлангийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энд хоёр сонирхолтой илтгэл яригдсан. Үүний нэг нь дэд бүтцийн хангамжийн индексийг Азийн орнуудаар гаргасан байсан. Дэд бүтцийн талаар бид төмөр зам, эрчим хүч, гүүр гэсэн ойлголттой байдаг. Гэтэл энэ тайланд хууль дүрмийн дэд бүтэц, боловсон хүчний дэд бүтэц гэж оруулсан байсан нь надад таалагдсан. НҮБ-ын тайлангаас харахад Монгол Улс дундаж байр эзэлсэн байдаг. Харин энэ удаагийн тайланд төсвийн сахилга батын талаар илтгэл тавигдсан. Зөвхөн Монгол Улс биш Азийн олон орнууд төсвийн сахилга бат, зардлын удирдлага, төсвийн алдагдлыг багасгаж, сайжруулах хэрэгтэй байна гэсэн зөвлөмжийг өгсөн. Энэ нь тогтвортой хөгжлийн чухал хэсэг гэж судалгаанд тэмдэглэсэн байгаа юм.

-Бусад улс орнуудад төсөв нь хүндрэлтэй байгаа талаар ярьж байна. Нөлөөлж байгаа гол зүйл нь юу вэ?

-Энэ тайланд улс орнууд төсвөө яаж зарцуулах, зарлагаа юунд зориулж байгааг харуулсан баримт юм. Манай улсын хувьд төсвөөс хэрэглэх тал нь их байдаг нь харагдсан. Гэхдээ манай төсвийн зарлагын дийлэнх хэсэг нь хөрөнгө оруулалт биш. Голдуу цалин мөнгө, бараа худалдан авах зэрэг хэрэглээнүүдэд зарцуулж байна. Энд нийгмийн санхүүжилтээр ажилладаг төрийн албан хаагч, багш, эмч нар зэрэг хамрагддаг. Гэтэл төсөвт орж байгаа ихэнх орлогоо хэрэглээндээ зарцуулаад байх юм бол хөрөнгө оруулалт хийх боломж багасна гэж хэлмээр байна.

-Монголд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жилийн хувьд ямар дүр зурагтай байна вэ?

-Энэ жил хөрөнгө оруулалт бараг байхгүйтэй адил. Дараачийн гурав, дөрвөн жилд ч гэсэн төсвөөс хөрөнгө оруулалт хийх бололцоо байхгүй байна. Энэ нь санхүүгийн хямралтай холбоотой гэж ойлгож байгаа. Ер нь хөрөнгө оруулалт гэдэг ирээдүйн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, суурийг тавих үйл ажиллагаа юм. Цаашид яаж өсгөх вэ гэдэг талаас яривал хөрөнгө оруулалтыг байлгах нь зүйтэй. Одоогийн байдлаар манай улсад нөөц байхгүй учир хэрүүл, маргаантай төр, хувийн хэвшлийн концевцийн эх үүсвэрийг ашиглах тухай яригдаж байгаа. Нөгөөдөх нь зээл тусламж, Хөгжлийн банкны нөөцийг ашиглах боломж бий. Манай улсад нөөц бага байгаа учир нөөцийн удирдлага, зохицуулалтыг их нямбай хиймээр байгаа юм. Үүний зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах хэрэгтэй нь харагдаж байна. Сүүлийн жилд гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Цаашид эдийн засгийн өсөлтийг дараагийн гурван жилд хэвийн нөхцөлд байлгахад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмжих, бусад зардлыг зайлшгүй тэвчих шаардлага ажиглагдаж байна.

-Арилжааны банкуудыг Олон улсын валютын сан ямар шалтгаанаар аудитад оруул гэж шаардаж байгаа юм бэ?

-Өнгөрсөн жил Монгол банкнаас явуулсан тэлэлтийн бодлогыг хэвийн нөхцөлд төдийлөн хэрэглэдэггүй байсан. Энэ бодлогод сөрөг, давуу тал байсан байх. Ерөнхийдөө ОУВС-аас ийм бодлогыг хэрэгжүүлэхгүй гэж үзсэн. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд манай арилжааны банкууд хэр их зээл олгосон байна, зээлийн чанар, цаашдаа яах вэ гэдгийг ойлгохын тулд Олон улсын валютын сангаас аудит оруулах арга хэмжээ зохион байгуулахыг хүсч байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг оруулснаар эдийн засаг тогтворжино гэж үзээд байгаа. Тиймээс Монгол Улсын засгийн газар нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь дандаа төсөл дээр төвлөрлөдөг. Төсөлд төвлөрч хөрөнгө оруулалт орж ирдэг. Дөрөв, тавхан төслөө эрчимтэй хэрэгжүүлэх юм бол гадаадын хөрөнгө оруулалт нь орж ирнэ. Гэхдээ хөрөнгө оруулалтыг татахын тулд тулж ажиллах хэрэгтэй. Тэдэнтэй хөрөнгө оруулалтын төсөл дээр нь сууж ажиллаад, хэлэлцээр хийх нь чухал. Хэлэлцээр хийвэл бодит хэрэгжилт рүү нэг алхам дөхлөө гэсэн үг. Гэрээ, хэлэлцээргүй бол ямар ч гадаадын төсөл орж ирэхгүй. Мөн Засгийн газар “Оюутолгой-2”-ийн гэрээ байгуулсан учир бэлтгэл ажил эхлээд байна. Таван толгойн төсөл том учир Монголын эдийн засгийн суурь юм. Бид сууриа шийдээгүй байж урагшлах уу гэдэг талаар ярих бололцоогүй болсон. Дараагийн ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Таван толгойн хэлэлцээрийг зайлшгүй ярих хэрэгтэй. Харин Засгийн газар “Алт” төслийг түрүүлж явуулъя гэж шийдсэн. Дараагийнх нь Таван толгойн цахилгаан станцын тусгай төсөл бий. Нөгөөдөх нь ТЭЦ-5 төсөл нь цоо шинэ юм. Энэхүү ТЭЦ-5- төсөл нь цахилгаан станцад өргөтгөл хийнэ гэж байгаа. Хуучин байраа жил болгон зассаар байгаад эцэст нь нураад унавал яах вэ гэдэг асуудал энэ төсөлд яригдах ёстой. Тэгэхээр дээр дурдсан төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд зарчмын шийдвэр гаргах нь зүйтэй. Манайд бололцоо их бий. Зунжигаа амраад байхгүй, эдийн засгаа хөл дээрээ босгохын тулд идэвхтэй ажиллаад явбал ирэх жил гайгүй болох байх. Эсвэл юу ч хийхгүй суугаад, хэн мөнгө өгөх бол, юу орж ирэх бол гэж хараад байвал хэн ч мөнгө өгөхгүй.

Б.Баярмаа