Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ

 “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ” болон “Өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” судалгааны дүнг тавдугаар сарын 17-ны өдөр танилцуулав. Энэ үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтарч зохион байгууллаа.

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар нар үг хэлсэн юм. Энэ үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюунчимэг “Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдлын түвшин, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний үр дүн”, эрдэм шинжилгээний ажилтан Б.Сувд “Улаанбаатар хотын өрхийн унд, ахуйн усны хоногийн хэрэглээний бодит хэмжээ тогтоох” зэрэг сэдвээр судалгааны танилцуулга хийлээ.

 Суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд ихэсдэг

Эрдэм шинжилгээний ажилтан М.Оюунчимэг ярихдаа “Хөрсний хүнд металлын бохирдол Улаанбаатар хотын гэр хорооллын өнгөн хөрсөнд агуулагдах хар тугалга болон хүнцэл стандратын шаардлага хангахгүй байна. Үүний зэрэгцээ хөрсний хар тугалганы бохирдол олон жилийн турш хадгалагдсан хэвээрээ байна. Хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдолд авто засварын газрын шатах тослох материал, авто угаалга, дугуй засвар, томоохон авто худалдааны төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлж байгаа нь судалгаагаар харагдлаа.” гэж онцлов. Энэ судалгаагаар хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсөнд агуулагдах нянгийн тоо нь бүх цэгүүдэд 7-9 саруудад их түвшинд байдаг нь харагджээ. Харин хөрсний нянгийн тоо зуны улиралд өсөх хандлагатай дүн гарсан байна. Түүнчлэн нянгийн бохирдолд томоохон зах, гэр хорооллын нүхэн жорлон, томоохон үйлчилгээний төвийн үйл ажиллагаа шууд нөлөөлдөг байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын эзэлбэр газрын өнгөн хөрс хүн, малын ялгадас буюу стандртын шаардлага хангаагүй гэр хорооллын нүхэн жорлонгийн сөрөг нөлөөний улмаас бохирдож байгаа аж. Энэ нь улмаар гүний усыг эмгэг төрөгч бичил биетнээр бохирдуулж байгааг судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан тогтоожээ. Мөн хөрсний бохирдлоос болж гэр хорооллын  хүн амын болон 0-5 насны хүүхдийн дунд суулгалт халдварт өвчин зун, намрын улиралд хамгийн их тохиолдож байгааг тогтоосон байна. Энэ нь ялангуяа гэр хорооллын бага насны хүүхдийн дунд элбэг тохиолддог гэдэсний халдварт өвчинд хөрсний эмгэг төрөгч бичил биетний бохирдол шууд  нөлөөлж байгаа аж.

Өдөр тутам ус хэрэглэдэг хэрнээ мэдлэг хомс байна

 Өрхийн унд, ахуйн усны хэрэглээний бодит хэмжээний талаар судлаач Б.Сувдын хувьд хэлэхдээ “Нийслэлийн өрх айлуудын нэг хүнд ноогдох унд, ахуйн усны хоногийн нийт хэрэглээ гэр хорооллын өрхөд 15,57 л, орон сууцны өрхөд 90 л байна. Энэ нь орон сууцны өрхийн хүн амын усны хэрэглээ гэр хорооллын өрхтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа юм. Гэхдээ энэ хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмжийн хэмжээнд хүрэхгүй байгаа. Судалгаанд оролцогчдын 81,2 хувь нь хуванцар савны Олон улсын тэмдэглэгээг мэддэггүй гэсэн хариулт өгсөн.

Мөн хямд үнэтэй, олдоцтой, хөнгөн авсаархан хуванцар савыг сонгож ундны усаа зөөвөрлөж, хадгалдаг юм байна. Гэхдээ өдөр тутам ус хэрэглэдэг хэрнээ усны зөв зохистой хэрэглээ, усны савны болон усыг хадгалах эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар 50 хувь нь мэддэг гэж хариулсан. Усны эх үүсвэрт тавигдах шаардлагын талаар оролцогчдын мэдлэгийг асуухад гурван хүний нэг нь энэ тухай мэдлэг хомс байдаг байна.”гэв.

 Судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь гэрийн нөхцөлд усыг бохирдуулахгүй байх арга, усны савны цэвэрлэгээ, цэвэр, найдвартай усны талаар, усаар дамжих халдварт өвчин, усны зөв зохистой хэрэглээний тухай ойлголт хангалтгүй байгааг анхаарууллаа.  Энэ үеэр Б.Цогтбаатар захирлаас хотын хөрсний бохирдолд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулахад “Хотын хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлон ашигладагтай холбоотойг бүгд мэднэ. Айл өрхийн 97 хувь нь энгийн нүхэн жорлон ашиглаж байгаа. 2015 онд нүхэн жорлонгийн стандарт батлагдсан. Энэ стандартыг хэвшүүлж, айл өрх бүхэн стандартын шаардлага хангасан хямд үнэтэй жорлонтой болох юм. Гэхдээ энэ нь амаргүй ажил учир хороо, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон манай зарим банкууд бичил зээл олгох замаар иргэдэд ээлтэй, санхүүгийн дарамт багатай жорлонг нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа. Ер нь гэр хорооллын айл өрхийн дөрөвний гурав нь хайшаандаа шинээр жорлонгийн нүх ухах боломжгүй болсон гэдгээ судалгаагаар мэдэгдсэн. Тэгэхээр хотын даац хэтэрсэн, хөрсний болон усны бохирдол сөрөг нөлөө үзүүлдэг нь хэцүүхэн нөхцөл байгаа юм.Тиймээс дараагийн бодлого шийдвэрт нөлөөлөх замаар энэ судалгааны үр дүнг танилцууллаа.” гэж хэлсэн юм.

 Б.Баярмаа