Г.Золжаргал: Тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн ИТХ өрсөлдөнө

 УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Г.Золжаргалтай хөтөлбөрийн санхүүжилтийн талаар ярилцлаа.

-“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хэд дэх жилдээ ямар хүрээг хамарч явагдаж байгаа вэ?

-“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдсан энэ семинарыг УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч хэрэгжүүлж байна. Энэ семинарын онцлох асуудал бол тэтгэлэгт хөтөлбөрийн тухай юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймаг, сум, дүүргийн түвшний хурлууд хамрагдаж байна. Энэ хөтөлбөр нь гурав дахь жилдээ явагдаж байгаа юм.

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдснаар зөвхөн санхүүжилтийн дэмжлэг авдаг юм уу?

-Энэ бол санхүүгийн дэмжлэг юм. Жилд 20 ИТХ тус бүрийг 4 сая төгрөгөөр санхүүжүүлж байгаа.Энэ нь ИТХ-ын төлөөллийн болон хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд сайн санаачилгыг шалгаруулаад, саналыг нь бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг юм.

-ИТХ-аас  шинэлэг санал, санаачилгыг санхүүжүүлэх шаардлага яагаад гарсан юм бэ?

-ИТХ бол иргэдийг төлөөлсөн чухал, том байгууллага. Энэ байгууллага иргэдийн өмнөөс үйлчилгээний чанарт хяналт тавьдаг юм. Мөн бодлого шийдвэр нь хэрхэн хэрэгждэг, холбогдох газруудад нь зөвлөмж саналаа хүргүүлж, биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харж, ажилладаг хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй юм. Энэ үүргээ зохистой биелүүлэхэд төсөв, санхүүгийн бэрхшээл тулгардаг талаар тэд нар байнга ярьж, мөн энэ нь судалгааны дүнгээр харагдсан. Тэгэхээр жилд 4 сая төгрөгийн санхүүжилтийг шилдэгээр шалгарсан саналд өгдөг. Гэхдээ аль болох тэгш оролцох боломжоор хангадаг.

-Одоогийн санхүүжилт нь юунд чиглэгдэх вэ?

-Энэ удаагийн санхүүжилт нь нэгд, эмэгтэйчүүд, залуучууд, нийгмийн эмзэг бүлгүүдийн дуу хоолой нь шийдвэр гаргах түвшинд тэр болгон хүрч чадахгүй бүлгүүдэд зориулна. Тэдний ИТХ-ын үйл ажиллагаанд яаж татаж оруулах талаар шинэ санал, санаачилгыг гаргаж ирээч гэсэн болзол тавьсан. Хоёрт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлахад чиглэгдэж байна. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний орон нутаг дахь хүртээмж, чанар нь ямар байгааг судлаад, хяналтыг тогтвортой хэрэгжүүлэх шинэлэг дүрэм журмыг санаачлах  зэрэг саналуудыг ирүүлээч гэж УИХ, НҮБ-Хөгжлийн хөтөлбөрийн газраас зарласан. Тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн ИТХ өрсөлдөнө. Энд бизнесмэн, иргэд өрсөлдөхгүй.

Б.Баярмаа