“Маамуу” брэндийн сүүг үйлдвэрлэж, 10 000 хүүхдэд сүү бэлэглэнэ

Дэлхийн сүүний өдрийг 17 дахь удаа энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан мөн Монголын сүүний өдрийг тэмдэглэх боллоо.

Монголын сүүний өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх болон 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх талаар НХХААГ-ын эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан, Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл, Монголын сүүнийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Ганхуяг, Глобал олон улсын байгууллагын ажилтан Х.Доржсүрэн, Монтаримал компанийн захирал Л.Цогтбуян, АПУ компани нар мэдээлэл хийлээ. Дэлхийн сүүний өдөр нь манай орны хүүхэд, багачуудын баярын өдөр тохиодог тул уг өдрийг “Ирээдүйгээ сүүгээр мялаая” гэсэн уриан дор хүүхэд-сүү-эрүүл мэнд гэсэн утга агуулгатай тэмдэглэн өнгөрүүлнэ гэж байна.

Дэлхийн сүүний өдөр, Монголын сүүний өдөр давхцсан өдрүүд нь зургаадугаар сарын 1-10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Монголын сүүний нэгдсэн холбооны фермерүүдийн хандивласан сүүг АПУ Сүүний үйлдвэрт үнэ төлбөргүй боловсруулж “Маамуу” брэндийн сүүг хүүхдийн баярын өмнө үйлдвэрлэх болжээ. Хүүхдийн баярын өдрийн хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдөр 12 цаг 15 минутаас 13 цаг хүртэл 10 000 хүүхдэд сүү бэлэглэх юм байна. Мөн зургаадугаар сарын 10-ны өдөр сүү хандивласан сүүний фермерүүдэд сугалаа олгох гэнэ. Хүүхдийн баярын дараа, зургаадугаар сарын 9-10-ны өдрүүдэд сүүний фермийн үйл ажиллагааг танилцуулж, сүүний эрүүл мэндийн ач холбогдлыг сурталчлах үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны нээлттэй өдрүүдэд зохион байгуулна.

Сүүний өдрүүдийг тэмдэглэж байгаагийн гол зорилго нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн шинэ сэргэг бүтээгдэхүүнийг хүүхэд, багачуудад өдөр тутам хэрэглэдэг, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хоололтын асуудлыг дэвшүүлж байгаа юм. Улмаар үдийн цай хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийг дэмжих гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 1-ний өдөр болно гэж Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл  хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Манай улс өвөл бэлчээрийн мал аж ахуйгаас сүүг нийлүүлэх боломжгүй байгаа аж. Харин эрчимжсэн мал аж ахуйгаас сүүг нийлүүлдэг юм байна. Монгол Улсын ард иргэд, тэр дундаа Улаанбаатарчууд хэрэглэж болох цорын ганц бүтээгдэхүүнний нэг бол шинэ дэлгэр сүү байдаг аж. Малын махаа өвөл, хаваржингаа иддэг бол хавар цагт монголчууд болон монгол мал нь ч амин дэм, эрдэс, биологийн идэвхит бодисын дутагдалд ордог байна. Ийм байдлаас ангижрахын тулд сүү сүүн бүтэгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд, ялангуяа өвлийн улиралд хангалуун ууж, хэрэглэх ёстой гэж зөвлөж байна.

Сүүг яаж буцалгаж уух ёстой талаар О.Амарцэнгэл “Монголд, ялангуяа Улаанбаатар хотод өвлийн улиралд хэрэглэж байгаа сүүн сүүн бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хуурай сүү, түүгээр хийсэн цагаан идээний бүтээгдэхүүн байдаг. Сүүг бага зэрэг хөөрүүлж ууснаар шүд хорхойтохоос сэргийлдэг байна. Ер нь сүүг тогоонд даригтал буцалгадаггүй юм байна. Сүүг хөөрүүлнэ гэдэг монголчууд олон зуун мянган жил сүүг хэрэглэж явахдаа нам температурт буцалгавал эрүүл мэндэд онцгой аж холбогдолтой гэдгийг эртнээс мэддэг байсан учир дөнгөж хөөрүүлж, халуун бүлээнээр уудаг уламжлалтай.” гэж хэлэв.

Төв аймгийн Монтаримал компанийн захирал Л.Цогтбуянаас “Одоогийн байдлаар монголчууд, бидний үр хүүхэд өдөр бүр нэг, хоёр аяга сүүг уух эдийн засгийн боломжгүй байгаа. Сүү уух нь эрүүл мэндэд их ач тустай гэж зөвлөөд байгаа шүү дээ. Гэтэл монгол иргэн бүхэн өдөр бүр сүүгээ уухын тулд сүүний үнийг хямдруулж, борлуулах боломж байна уу” гэж тодрууллаа. Тэрээр “Хүн сүүг уухын өмнө өндөр температурт буцалгавал доторхи амин дэм, бичил элементүүд устаж болзошгүй. Тиймээс Монголын уламжлалт арга болох 30-60 температурт  хөөрүүлээд, уувал хүний биед шингэц сайн, амин дэм нь эрүүл мэндэд илүү тустай байх юм. “ гэж онцлов.

Цааш нь ярихдаа “Монгол Улсын  Засгийн газар, төр ард түмнээ хүнс, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах бодлогоо зөв зохицуулах ёстой. Нөгөө талаас сүүний фермерүүд нь технологи, өөрийн өртөг, шим тэжээл зэрэг бүх хүчин зүйлүүдийг зөв тооцож, зөв менежемент хийвэл сүүний өртөг буурах бүрэн боломжтой. Улаанбаатар хотын ойролцоо байгаа бүх сүүний фермерүүд нэгд, малаа бэлчээх бэлчээрийн талбай байхгүй, хоёрт, тарималаа тариад малаа тэжээснээр сүүний өртөгийг бууруулах боломжгүй байна. Ийм зохицуулалтыг бодлогоор зайлшгүй хийх ёстой юм.

Одоо зарим нэг сүүний фермерүүд өвөл, зунгүй сүүгээ бэлтгэдэг бол зарим нь хотын эргэн тойронд очиж буугаад, бэлчээрээр малаа хариулж, өвс ногоогоо идэж дуусахаар нь буцаад нүүгээд явдаг. Энэ нь бэлчээрийн талбайн даацыг хэтрүүлэх, бэлчээрийн ургамлыг хомсдолд оруулж байна. Иймэрхүү байдалд хүрсэн бэлчээрийн газар талбайг сэргээхэд хэдэн мянган сая төгрөг зарцуулдаг.Үүнд л бид зөв зохицуулалтыг хүсч байгаа юм. “ гэсэн юм.

Б.Баярмаа