Ё.Бадрал: Зөв, зөв шийдлүүд гаргах юм бол аялал жуулчлалаас орох орлого маш их бий

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадралтай Монголын аялал жуулчлалын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Танай холбоо Монголд аялж байгаа гадаад, дотоодын жуулчдын судалгаа гаргадаг уу. Миний олж мэдснээр Монголын хилээр орж, гарсан гадаадын иргэдийг бүгдийг нь аялагч, жуулчид гэж үзэж, бүртгэдэг гэж байна. Аялал жуулчлалын газар жуулчдын тоог иймэрхүү хуурамч байдлаар олж авч, олон түмэнд мэдээлж байгаа нь тоогүй хэрэг. Ер нь танд энэ талаар мэдэх зүйл байна уу?

-Манай салбарыг “тэргүүлэх салбар” гэж ярьдаг боловч жуулчдын тухай статистиктэй холбоотой мэдээллийг үнэлж чаддаггүй. Бид аялал жуулчлалын салбарын статистикаа сайжруулах ёстой. Жишээ нь, биднийг захын Тэрэлж рүү аяллаа гэхэд очоод байрлах мөнгөнөөс илүү замдаа зарж байгаа бензин,тос, хүнс ундаа болон тэнд очоод морь, мал унах, зочилж байгаа айлууддаа чихэр боов өгөх, цагаан идээг нь худалдаж авдаг зэрэг үнэ, төлбөриийг Монголд тооцоолж чаддаггүй. Үүнтэй адил манай улсын хилийн дээсийг давж гарч байгаа хүн болгон жуулчин мөн үү, биш үү гэдгийг тогтоох нь чухал. Хилийн дээс гарч байгаа хүн болгон жуулчин гэвэл худлаа тоо гарна байх. Тэгэхээр Монголд ирж байгаа жуулчид юу хийх гэж ирэв, Монголд хэдэн төгрөг зарцуулж, үлдээдэг нь тодорхойгүй байдаг гажуудлыг бодитой сайжруулах хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Монголчууд өөрсдөө орон нутгуудаар хэр их аялж, аялал жуулчлалын салбарт мөнгө оруулдаг юм бэ?

-Харин бид дотоодын аялал жуулчлалын хөгжлөө хөндөж ярихгүй, алдагдуулж ирсэн удаатай. Сүүлийн үед дотооддын аялал сэргэж байгаа. Ингэхэд аялал жуулчлалын салбарт гадаадын хүмүүс валют оруулж ирдэг. Гэтэл дотооддоо монголчууд амархан, өөрийн боломж, чадлаараа явж, аялдаг гэсэн ерөнхий бүдүүн ойлголт байдаг. Энэ бол буруу ойлголт. Ер нь энэ статистиктэй холбоотой асуудал л даа. Манайд хэчнээн монгол иргэд орон нутгуудад аялж, аялал жуулчлалын салбарт мөнгө оруулж байгаа талаар тооцоог гаргаж чаддаггүй. Үүнийг тодорхой хэмжээгээр шийдэхийн тулд үндэсний аялал жуулчлалын нэгэн арга хэмжээ зохион байгуулж, яам болон судалгааны байгууллагууд статистик тоог нарийвчлалтай гаргамаар байгаа юм.

-Ийм судалгааг аялал жуулчлалын салбар дотроо зохион байгуулж хийх шаардлагатай юу, эсвэл Үндэсний статистикийн хорооны ажил юм уу?

-Миний ойлгож байгаагаар мэргэжлийн статистикийн байгууллага ийм судалгаа хийх ёстой. Гэхдээ судалгааны аргачлалаар хийхээс илүү аялал жуулчлалын салбарын хүмүүстэйгээ хамт сууж байж, ийм арга замаар, ингэж мэдээллээ цуглуулъя гэж тохирох нь зөв болов уу. Жишээ нь, мэдээллээ цуглуулаад багцалж, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний судалгаа хэрэгтэй болдог. Манай салбарт ийм чиглэлийн ажил хийдэг хүмүүс бий. Нэмээд хэлэхэд, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар С. Бат-Эрдэнэ  Солонгос Улсад аялал жуулчлалын онолыг докторын зэрэгт сураад ирсэн залуу ажиллаж байна. Энэ залуу ирээдүйд аливаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахдаа бүгдийг судалгаа болон статистик мэдээнд тулгуурлаж ажиллана гэсэн зорилт тавьсан. Үүнд нь би их баяртай байгаа. Тэгэхээр энэ Засгийн газар болон ойрын жилүүдэд манай салбарт нэлээд өөрчлөлт гарах болов уу гэж найдан хүлээж байна.

-Монгол орны онгон сайхан газар нутагт гадаадын жуулчдын нүд унамаар, оюун, сэтгэлийг гийгүүлэхээр үзэж сонирхох хамгийн онцгой ямар аялал байна вэ?

-Монгол орны газар нутагт оршдог тэр нутгийн аялал нь тэрнээс илүү гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ гадаадын ямар хүн Монголд юу хийх гэж, юу сонирхох гэж аялж байгаагаас ямар аялал сайхан байх нь хамаарна. Монгол орны аль ч нутагт очиж, байгаль талаас нь хэлэхэд үнэхээр сайхан үзэх зүйл байдаг. Гэвч гадаадын дийлэнх иргэдийн нийтлэг сонирхол нь байгалийн сайхан гэхээс илүү Монголын нүүдэлчин ахуй соёлыг үзэж харах нь тэдэнд сонин байдаг. Тэр утгаар манай 21 аймаг өөрийн гэсэн бусдаас ялгарсан брэндээ гаргаж, сурталчилдаг юм. Харин төрийн зүгээс Монгол орны аялал жуулчлалын салбарыг маркетинг чиглэлээр олон улсын хэмжээнд сурталчлахад анхаарах ёстой. Манай салбарын хамгийн том өрсөлдөгч Өвөрмонголын өөртөө засах орон байгаа юм. Хятадын Засгийн газар аялал жуулчлалдаа маш их мөнгө зарцуулж сурталчилгаа хийдэг. Бид Монголдоо тэднийг давсан илүү зүйл хийх шаардлагатай. Жишээлбэл, манай 21 аймаг, бүс бүсээр аялал жуулчлалын онцлог нь юу байх вэ гэдгийг онцолж, тодорхойлоод, үүндээ таарсан маркетинг явуулах хэрэгтэй байна. Бид гадаадын жуулчдаас хагас сая хүн Монголдоо оруулаад, тэднээс авах орлогоо өндөр байлгах хэрэгтэй. Эсвэл 20-30-хан мянган төгрөг зарцуулаад аялж явдаг жуулчид аваад байвал эдийн засагт хөрөнгө оруулж байна гэхэд хэцүү. Америкаас ирсэн жуулчид Монголд долоо хоног аялахдаа доод тал нь 2000 ам доллар зарцуулж байвал манай салбарын эдийн засагт хөрөнгө оруулж байгаа юм. Ер нь нүүдэлчин ахуй, соёл хязгаарлагдмал. Зөвхөн нүүдэлчин соёлоо хадгалж байгаа айл бүрийн үүдэнд тав таван жуулчид очиж суувал бидэнд бахархаад байх өөр зүйлгүй мэт санагдана.

-Монголын эдийн засгийг сэргээхийн тулд цаашид аялал жуулчлалын салбараас үргэлж мөнгө босгох боломж бий юу?

-Би салбартаа 1992 оноос хойш ажиллаж, гадаад, дотоодын  их сургуульд сурлаа. Мөн салбартаа зөвлөх үйлчилгээнд оролцож, судалгааны ажил хийж ажилладаг. Энэ туршлагаасаа харахад, манай улс аялал жуулчлалын салбарт ойрын богино хугацаанд их мөнгө босгоно гэдэг худлаа л даа. Ядаж л дэд бүтэц, хүний нөөцийн асуудал хөгжөөгүй байна. Гэхдээ Засгийн газар тогтвортой хөгжлийг хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын бодлогоо сайхан тодорхойлж, зөв зөв шийдлүүд гаргах юм бол аялал жуулчлалаас орох орлого маш их бий. Манай салбар дотоодын нөөцөө ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, манай улсын зарим иргэд эмчилгээний аялал жуулчлал гэх урсгалаар гадаад руу явдаг. Тэгвэл эрүүл мэндийн салбарын хэдэн сайн оношлогоо болон эмчилгээний газрууд  Монголд байвал гадаад руу урсаад байгаа валют нь дотооддоо үлдэнэ шүү дээ.

-Сүүлийн үед монголчууд гадаадын олон орон руу их аялдаг болжээ. Хүн амын тодорхой хувь нь мөнгөтэй болсон байна. Гэхдээ гадаадад аялж буй монголчуудаас голдуу бизнес эрхэлдэг хүмүүс байдаг уу?

-Ерөнхийдөө бизнес эрхэлдэг хүмүүс шинээр түнш олно, шинэ бизнес хайна гэх утгаар гадаад руу өмнө нь явдаг байсан. Одоо ч гэсэн явж байна. Явах ч болно. Гэхдээ одоогийн байдлаар шинээр бий болсон урсгал бол монголчууд маань амралтын шугмаар гадаад руу их жуулчилж байна. Хамгийн түрүүнд зардлаа бодох юм бол хоёр хөршдөө түлхүү аялж байна. Утай гүмбүм, Итгэлт хамба руу их хүмүүс явж байна. Өвлийн улиралд дулаахан, далайн аялалтай орон руу очьё гэсэн хүсэл манай монголчуудад байдаг болохоор Хятадын Хайнань арал, Гонконг, Сингапур, Тайланд, Малайз руу явах урсгал нэлээд гайгүй сайн байдаг. Ер нь гадаад орны аялалд янз бүрийн төрөл байдгийн нэг нь эмчилгээний аялал юм. Монголчууд маань Солонгос, Тайланд, Гонког Улс руу явж эмчилгээ хийлгэж байгаа нь аялж, жуулчилж байгаагийн нэг хэлбэр гэж хэлж болно.

 Б.Баярмаа