Зүймэл гар урлалыг сонирхуулж байна

Зүймэл гар урлалын үзэсгэлэн зургаадугаар сарын 14-ний өдөр Туркийн элчин сайдын яаманд нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд Шинэ замнал ТББ-ын Зүймэл гар урлалын төв болон Боливи улсын Jalsuri гар урлалын сангийн захирал, дизайнер Даниела Вискаратай хамтран оролцож байна.

Дэлхий дахинаа хэрэглээний урлалаас урлаг болтлоо хөгжиж буй зүймэл даавуун урлал нь Англи Улсаас үүсэлтэй бөгөөд Монголд 13 дахь жилдээ хөгжиж байгаа аж. Олон улс оронд даавууг ашиглаж, зүймэл урлалын бүтээлүүд хийдэг юм байна. Харин монгол эмэгтэйчүүд аливаа эсгүүрээс гарсан торго даавууны өөдсийг ашиглаж төрөл бүрийн бэлэг дурсгал, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийж дахин хэрэглээнд оруулж байгаа нь энэ урлалын онцлог болж байна.

Энэ үеэр “Хамтарсан үзэсгэлэнгээр харилцан туршлага солилцох, хөгжлийн бэрхшээлтэй болон бага орлоготой иргэдэд зориулж сургалт явуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа. Энэ ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шугмаар нийт 485 гаруй, дэлхийн зөнгийн шугмаар 260 гаруй, хувиараа 1200 гаруй, бусад шугмаар 200 гаруй ажилгүй, нэн ядуу, эмзэг бүлгийн, өрх толгойлсон иргэдэд мэргэжлийн ур чадвар олгох, дадал чадамжийг эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд хамрагдсан иргэдээс ур чадвар сайтай, идэвхи зүтгэлтэй эмэгтэйчүүдэд гэрээр ажил олгож, өрхийн орлогод нь нэмэр болж ажиллаж байна” гэж зохион байгуулагчид нь ярилаа.

Зүймэл гар урлал нь юмханаар юм хийж, бүтээлч амьдрах цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх ач холбогдолтой урлал юм байна. Хүмүүсийн хэрэглэхгүй шатааж, хаяж байсан өөдсийг дахин хэрэглээнд оруулснаар эдийн засгийн хувьд хэмнэлтэйгээс гадна байгаль орчноо бохирдуулахаас сэргийлэх боломжтой гэдгийг энэхүү хийсэн бүтээгдэхүүнээр иргэддээ ойлгуулж байгаа аж.  Энэ үеэр Турк үндэсний хоол, гар урлалын худалдаа явагдлаа.

Дэлхийн олон орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Зүймэл даавуун урлалын холбоодтой Шинэ замнал ТББ хамтран ажилласаар иржээ. Тус байгууллага нь АНУ, Их Британи, Япон зэрэг улсын Зүймэл урлалын холбоодтой хамтарч, энэхүү урлалыг мэргэжлийн түвшинд заах арга зүй, туршлага солилцох үүднээс олон удаа ийм арга хэмжээг зохион байгуулжээ.

Б.Баярмаа