Хуульчийн нийгмийн үүрэг, чиг хандлагыг хэлэлцсэн чуулган боллоо

Хуульчдын өдрийг угтаж Монголын хуульчдын холбооноос "Хуульчийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, чиг хандлага" сэдэвт чуулган зургаадугаар сарын 14-ний өдөр Blue sky Tower-т боллоо.  

Хуульчдын чуулган нь хуульчид, тэднийг төлөөлж буй холбооны зүгээс хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж болон цаашдын чиг хандлагыг хэлэлцлээ. Мөн  хуульчдын дуу хоолойг нийгэмд, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархалыг дээшлүүлэх зорилготой уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтжээ. 

Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийг тойрсон асуудлууд, удахгүй хэрэгжиж эхлэх гэж буй Эрүүгийн салбар хуулиуд, хууль зүйн тогтвортой орчныг хангах, хууль зүйн үйлчилгээний чанарыг шинэ түвшинд гаргах, бүх нийтийн эрх зүйн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар хэлэлцлээ. Түүнчлэн Хуульчдын холбоо цаашид хэрхэн ажиллах болон тодорхой асуудлуудаар Засгийн газрын бодлого тодорхойлогчдод байр сууриа хүргэнэ хэмээн Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд хэллээ. 

Чуулганы үр дүнд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, Хөдөлмөрийн болон Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал зөвлөмж гаргаж, ажлын хэсгүүдэд хүргүүлэх юм байна.

Хуульчдын чуулганд УИХ-ын гишүүн, гавъяат хуульч Д.Лүндээжанцан, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч, доктор Б.Гүнбилэг болон нэр хүндтэй хуульч, шүүгч, өмгөөлөгч, прокурор, төр, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл, хуулийн зөвлөхүүд, эрдэмтэн, судлаачид оролцлоо. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь нэр бүхий хуульчдад шагнал гадуулсан юм.

Б.Баярмаа