60 тэрбумын яриаг илчилсэн Г.Доржзодовын байрны хашаанд цагдаа нар ажиллаж байна

Зургаадугаар сарын 15-ны өглөөний 8 цаг  өнгөрч байхад  МАН-ын удирдлагуудтай холбоотой 60 тэрбумын яриаг бичсэн Г.Доржзодов гэх залууг хамгаалахаар цагдаа нар бүслэлт хийж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сошиал сүлжээгээр цацагдлаа.

Түүнийг баривчлах гэж байна гэх мэдээлэл цацагдаж байгаа талаар Цагдаагийн байгууллага өчигдөр болон өнөөдөр өглөөний байдлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Харин Г.Доржзодовын талаар өдөр тутмын сайтад тавьсан шууд лайв бичлэг нь нээгдэхгүй, "Таны дарсан холбоос эвдэрсэн буюу хуудсыг устгасан байна." гэсэн тэмдэглэгээ гарч байна.УИХ-ын сонгуулийн 2016 оны сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг наймаалцан, тохиролцож байхдаа 60 тэрбум төгрөг ямар арга замаар босгохоо ярилцаж байсан бичлэгийг Г.Доржзодов нь олон нийтэд цацсан юм. Тухайн үед тэрээр МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байжээ. 

Төрийн албан тушаал, ажил хэргийг үнэлж, эзэгнэж байна хэмээн шүүмжлүүлж байгаа МАН-ын удирдлагуудын жинхэнэ үнэн дүр төрхийг үнэнээр нь ил тод илчилсэн түүнд Цагдаагийн байгууллага болон хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, олон түмэн талархах ёстой. 

Өнөөдөр өглөөний байдлаар Г.Доржзодовын одоо байгаа Хан-Уул дүүргийн  Оргил хотхон дахь байрны хашаанд  цагдаагийнхан ажиллаж эхлээд байгаа талаар сошиалаар эх сурвалжууд байр сууриа илэрхийлж байна. 

 Б.Баярмаа