Наадмын тасалбарыг СТӨ-ний билетийн кассаар борлуулна

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын угтаж хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал Төв цэнгэлдэхийн гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байна.

 Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх гэнэ. Шагайн харвааны асарт засвар хийж ажил 60 хувьтай явж байгаа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх аж төлөвлөгөөний дагуу явж байгааг албаныхан дуулгаж байна.

 Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулах гэнэ. Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул өмнөхийн адилаар кассаар худалдаална. Үнийн хувьд өмнөх жилүүдтэй ойролцоо байх аж.