Д.Шипански: Герман Улсад хэн нэг иргэний нэр төр гутаасан төлбөрийг шүүх шалгаад тогтоодог

Иргэн  Н.Цэнгэлсайхан "Монголд улс төрчид болон төрийн албан тушаалтан сэтгүүлчийг эсвэл мэдээлэл өгсөн хүнийг нэр төр гутаасан хэргээр шүүхэд хандаж, их хэмжээний мөнгө нэхэмжилдэг.

Герман Улсад улс төрчид, төрийн албан тушаалтнууд нь нэр хүнд гутаасан гэсэн үндэслэлээр их хэмжээний мөнгө нэхэмжилдэг үү? гэсэн асуултыг ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо Намын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, др. проф. Дагмар Шипанскид тавьсан юм.

Олон салбарын төлөөлөл оролцсон зургаадугаар сарын 13-ны өдрийн “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ” сэдэвт чуулганы үеэр тэр залуу уг асуултыг онцлосон.

Др. проф. Дагмар Шипански хэлэхдээ “ХБНГУ-д хэн нэг иргэн, төрийн албан хаагч, улч төрч нэр төр гутаасан гэж үзвэл эхлээд Хэвлэл мэдээллийн зөвлөлд гомдол гаргадаг. Нөгөө талаас тухайн сонин, хэвлэл залруулга гаргаж, уучлалт хүсдэг юм. Гэхдээ тухайн иргэн шүүхэд хандах нь нээлттэй. Германд алдартай нэг жишээ бол манай Канцлер ...нэр төрийг минь гутаасан гэж тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас хэдэн саяын төлбөр нэхэж, шүүхэд хандсан тохиолдол бий. Шүүх түүний нэхэмжлэлийн дагуу шалгаад, нэр төрийг нь гутаасан болохыг тогтоосон.

Герман Улсад хэн нэг иргэний нэр төр гутаасан нэхэмжлэлийг шүүх шалгаад төлбөрийг нь тогтоодог юм.Ер нь алдаа хийсэн хүн алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн ёс зүйг сахиулах ажлыг Хэвлэлийн ёс зүйн консул хариуцдаг. Тиймээс улс төрчдийн ч, мөн сэтгүүлчдийн мэргэжлийн болон хувийн хариуцлага маш чухал. Сэтгүүлч олж авсан баримт, эх сурвалжуудын яриаг сэтгүүл зүйн зарчим, шаардлагын дагуу бичих ёстой гэдгээ байнга баримтлаж, ажиллах үүрэгтэй” гэж зөвлөв.

Б.Баярмаа