Австралийн элчин сайдын яамнаас санхүүжсэн 14 төслийг сонирхуулж байна

Австралийн Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Бичил төслийн хөтөлбөр”-ийн санхүүжилт авсан 14 төрийн болон ТББ-ын төлөөлөгчид төсөл хэрэгжүүлсэн туршлага хуваалцах, тайлангийн хурлаа Улаанбаатар зочид буудалд зургаадугаар сарын 15-ны өдөр болж өндөрлөлөө.

Энэ үеэр  Австралийн Элчин сайдын яамнаас 2016-2017 оны санхүүгийн жилд Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр бичил төслийн санхүүжилт авч, өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн 14 байгууллага төслийн үр дүнгээ танилцуулсан юм. Төслүүдийн гол агуулгыг сонирхуулж байна.

 1. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсрол төслийн хүрээнд 55-р сургуульд аутизмтай хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулж, 116-р сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан орон зайн сургалтын танхим байгуулжээ.

2. Хүйсийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран дөрвөн төсөл хэрэгжүүлж байна.

3. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр Монголын Үндэсний Тэргэнцэртэй Иргэдийн Холбоо, Өрхийн Тариалан Бизнес Хөгжил байгууллагатай хамтран хоёр төсөлд санхүүжилт олгосон.

4. Залуучуудын хөгжилд зориулан Хэнтий аймгийн сагсан бөмбөгийн “ТОББ” клуб Хэнтий аймагт хүүхэд, залуучуудад зориулан сагсан бөмбөгөөр хичээллэх төсөл хэрэгжүүллээ. Түүнчлэн уг төслөөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүүхэд залуучууд сагсан бөмбөгийн задгай талбайтай болж, чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөр хичээллэх боломж нэмэгдэнэ. Монгол Экологи Төв Хөвсгөл Аймгийн Хатгал, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд байгаль орчин, экологийн сургалт зохион байгууллаа.

5. “Ногоон зам” Хог хаягдлыг дахин боловсруулахад Хангарьд Ротари Клуб, Австралийн “КЕСАБ Энвайронментал Солюшн” ТББ Улаанбаатар хотын 12-р сургууль, Үндэсний боловсролын их сургуульд хог хаягдлыг дахин боловсруулах мэдээллийн танхим байгуулан ажиллуулж, багш, оюутан сурагчид байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр сургалт явууллаа.

6. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монголын Үндэсний Хавдрын Зөвлөлөөс Австралийн Мелбурн хотын Мурдокийн их сургуулийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн Хүний Хөхөнцөр Вирусийн туршилтын вакцинжуулалтын үр нөлөөний талаар харьцуулсан судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл гаргахаар зорьж байна. Мөн Монгол Зөн байгууллага Чингэлтэй дүүргийн сургуулийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олголоо.

7. Засаглалын чиглэлээр Ардчиллын Боловсролын Төвөөс Улаанбаатар хотын захиргаатай хамтран, Улаанбаатар хотын захиргаанаас үзүүлж буй төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг дээшлүүлэх ‘CheckMyService’ мобайль аппликейшнийг хөгжүүлэн туршиж байна.

 Тус элчин сайдын яам 2017-2018 оны Бичил төслийн хөтөлбөрт 6 дугаар сарын 23-ныг дуустал төслийн санал хүлээн авах юм байна.

Б.Баярмаа