Монгол, Орос, Хятадын 13 дугаар чуулган эхэллээ

Монгол, Орос, Хятадын Худалдаа эдийн засгийн 13 дугаар чуулга уулзалтын албан ёсны нээлт зургаадугаар сарын 15-ны 16 цагт  Туушин зочид буудлын Соёмбо танхимд эхэллээ.

Чуулга уулзалтыг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ “Гурван улсын худалдаа эдийн засгийн энэхүү чуулган нь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд Худалдаа аж үйлдвэрүүдийн танхимуудын үүрэг болон бизнес эрхлэгчдээ дэмжих, тулгарч буй саад тотгорыг арилгахад төр засагтай хэрхэн хамтарч ажиллах, асуудлуудыг улс хоорондын Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх зэрэг бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр хэлэлцдэг чухал арга хэмжээ юм” гэж онцлов.

Хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтын хүрээнд гурван улсын уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаанууд болох юм байна.

Нээлтийн үеэр МҮХАҮТ-ын тэргүүн, эдийн засагч Б.Лхагважав “Та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Манай гурван улс найрсаг, сайн харилцааг эрхэмлэсэн худалдаа, эдийн засгийн олон жилийн түүхэн уламжлалтай хөршүүд билээ. Бидний өргөн хүрээнд хамтарч ажиллаж ирсэн найрсаг хөршүүдийн хамтын ажиллагаа, харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх хэмжээнд шилжиж, шинэ боломжууд гарч, улам их гүнзгийрч байна. 1992 оноос эхлэн зах зээлийн нийгэмд өнөөг хүртэл хөгжлийнхөө үйл явцад хоёр хөршийн худалдааны эргэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, туслалцаа гол нөлөөлөх хүчин болсоор ирсэн.

Гадаад худалдаа нь энэ оны дөрвөн сарын гүйцэтгэлээр БНХАУ-руу 1,7 тэрбум америк долларын түүхий эдийн экспорт хийсэн. Манай улсын экспортын 91,9 хувийг ОХУ руу 19 сая ам.долларын экспорт хийсэн нь 0,8 хувийн экспортыг бүрдүүлж байна.Түүнчлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсын экспортын 31 хувийг БНХАУ, 28,6 хувийг ОХУ эзэлж байна. Энэ тооноос харахад БНХАУ-ын эдийн засгийн хөгжил Монгол Улсад ихээхэн боломж олгож, гадаад худалдааны баланс 1,4 тэрбум ам. долларт хүрчээ. Мөн ОХУ-ын нөлөө, дэмжлэг ч их байна.

Цаашид хөрөнгө оруулах, худалдааг сайжруулах зах зээлийн хэрэгцээ байгаа нь энэ бүхнээс харагдаж байна. Манай гурван улс цаашлаад Европ-Азийн хөрөнгө оруулалтыг дэмжих хамгийн дөт дэд бүтэц, худалдаа эдийн засгийн эргэлтээ нэмэгдүүлэх боломжийг олгох зорилготой гурван улсын эдийн засгийн кордиор байгуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар баталсан.” хэмээн тодотгож хэллээ.

Гурван улсын бизнес эрхлэгчдийн хатын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, хил орчмын худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, салбар чиглэлүүдэд хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг энэ үеэр харилцан танилцуулах юм байна.

Мөн “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ, Технологи-2017” Олон улсын үзэсгэлэнгийн нээлтэд Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганд хүрэлцэн ирсэн Орос Хятадын ХАҮТ-ын удирдлагууд, хоёр орны бизнес эрхлэгчид оролцох аж.

Б.Баярмаа

,