Агаарын бохирдлын гол бүсийн иргэд "Ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой"

Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Улаанбаатар хотод маань 216,000 өрхийн иргэд орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч хөдөлмөрлөж байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдлын түвшингээр  нэг, хоёрдугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182,616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сангийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байгааг Нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн юм.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах нэг хоёрдугаар бүсийн оршинг суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчигаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.

Су.Батболд: Нийслэл хотын агаарын бохирдлын бууруулах ажлын хүрээнд цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөх "Суурьшлын бүсийн улаан шугам татах" Нийслэл рүү чиглэсэн иргэдийн шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох" гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Гэвч богино хугацаанд үр дүнтэйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд судалгаанд суургилсанилүү зорилтот бүлэгт чиглэсэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна Хэдийгээр эдийн засгийн  хүндрэлтэй үетэй бид нүүр тулж байгаа боловч хот мөнгөгүй байна, улс зардлаа танаж гээд гараа хумхиад шийдвэртэй алхам хийхгүй сугаад байж болохгүй учраас иргэд байгууллагуудтайгаа хамтран даван туулах учиртай. Агаарын бохирдолтой өвөл биш зөвхөн  бүтэн жилийн турш уйгагүй тэмцэж байж бид бодитой үр дүнд хүрч чадна гэдгийг онцоллоо.

АББОСС-ийн ач холбогдлыг тодорхойлохдоо:

  1. 1, 2-р бүсийн яндангийн тоог бууруулах замаар агаарын бохирдолтой бодитой тэмцэх
  2. 1, 2-р бүсэд амьдарч буй бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх боломжгүй иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг сангаас төлөх замаар зорилтод иргэдийг хямд өртөгтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах
  3. Зогсонги байдалд орсон барилгын салбарт бодит хөрөнгө оруулалт хийх
  4. Чөлөөлөгдсөн газарт цэцэрлэг, сургууль, төрийн үйлчилгээний төв, хямд өртөгтөй орон сууц барьж дахин гэр гэр хорооллын бүсийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлнэ.

Агаарын чанарыг сайжруулах 1, 2-р бүсийн гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ НӨХГ-т шилжүүлэн газраа  Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм байна.  Мөн банкны зүгээс тавьж буй ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч буй байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 1.500.000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

Нийслэлийн зүгээс иргэний шилжүүлсэн газарт дахин төлөвлөлт хийн сургууль цэцэрлэг, хямд өртөгтэй орон сууц барих замаар яндангийн утаа дахин гаргахгүй байх нөхцөл бүрдүүлж, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан ажиллана гэдгийг нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Энэхүү сан Улсын болон нийслэлийн төсөв, Олон улсын байгууллага, Иргэд, ААН-үүдээс санхүүжилтээ босгох бөгөөд байнгын үйл ажиллагаатай нийслэлийн харьяа байгууллага болон цаашид ажиллах юм байна.

Н.Мичидмаа