Олон улсын эмч нар элэгний С вирус ба хавсарсан халдварыг ярилцаж байна

Манай улс элэгний вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг богино хугацаанд ажилттай хэрэгжүүлж буй улсын тоонд орж байгааг гадаадын эрүүл мэндийн салбар онцолжээ. "Элэгний С вирус ба хавсарсан халдвар" сэдэвт олон улсын элэгний эмч нарын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зургаадугаар сарын 15-ны өдөр Шангри-Ла зочид буудалд болж байна.

Энэхүү чуулганыг Монголын элэгний эмгэг судлалын холбоо Ази-Номхон далайн элэгний эмгэг судлалын холбоотой хамтарч зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд энэхүү хөтөлбөрт, тэр дундаа элэгний С вирусыг устгах чиглэлд санаачлагатай ажиллаж байгааг иргэд сайшааж байгаа аж. Элэгний С вирусын эсрэг эмийг даатгалаар олгож эхэлсэн бол оношилгоог мөн даатгалд багтаахаар ярилцаж байгаа юм байна. 

Чуулганд 24 орны 500 гаруй хүндэт профессорууд оролцож байна. Тэд чуулганаар орчин үеийн вируст хепатитийн эмчилгээ оношлогоо, эмнэлзүйн удирдамжуудыг танилцуулж, мөн элэгний С вирусыг устгах эмчилгээний явц, үндэсний хөтөлбөр, бодлогын хэрэгжилт зэрэг өөрийн улсын туршлагаас бусад гадаадын улс орны эмч, мэргэжилтнүүд болон судлаачидтай санал солилцож байна. 

Тус холбооны ерөнхийлөгч, доктор О.Баатархүү хэлэхдээ "Манай улсын хувьд вируст хепатитийн эсрэг олон талт хамтын ажиллагааны үндсэнд элэгний С вируст хепатитийн эмчилгээг амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Энэ хэрэгжилт нь дэлхийн хэмжээнд С вирусын эмчилгээний загвар орны нэг болсон гэж үнэлсэн.

Тиймээс Монголын элэгний эмгэг судлалын холбоо 2015 онд "Элэгний С вирус болон хавсарсан халдвар" нэртэй олон улсын эрдэм шинжилгээний чуулганыг эх орондоо зохион байгуулах эрхийг олон оронтой өрсөлдөн, шалгуулсны эцэст олж авсан. Бид элэгний вируст гепатит болон хавсарсан халдварын эсрэг хийж байгаа ахиц болон алхамуудаа дэлхийн улс орнуудад танилцуулах таатай боломж энэ чуулганаар олдож байна." хэмээн тодотгосон юм.

Монгол Улсын хувьд сүүлийн жилд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох С вирус болон бусад хавсарсан халдвар, тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар нэмэгджээ. Энэ нь манай улсад нийгмийн эрүүл мэндийн нэн чухал асуудал тул төр засаг, хувийн хэвшил, төрийн бус мэргэжлийн байгууллагууд нэгдэж хамтарч ажиллах шаардлага байгаа нь энэхүү чуулганы гол зорилго юм гэж тэрээр мөн хэллээ. 

Б.Баярмаа