Кабул хотын сүм дайралтад өртөж дөрвөн хүн амиа алдлаа

Афганстаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт байрлах Аль Захра сүм рүү өчигдөр /6-р сарын 15/ шөнө буутай хоёр этгээд халдсан байна. Энэхүү халдлагаар дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн шархаджээ.

Буутай этгээдүүдийг сүмийн хаалгаар нэвтрэх гэж байхад нь хамгаалалтын албаны цагдаа нар яаралтай арга хэмжээ авч тэднийг зогсоосон байна. Тийнхүү цагдаа нартай тулгарсан алан хядагчид сүмийн гал тогоо руу зугтаж биедээ бэхлүүлсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлжээ.

Дээр дурдсанаар, энэхүү дэлбэрэлтийн улмаас шархадсан долоон хүний гурав нь цагдаа, дөрөв нь энгийн иргэн байв. Мөн нэг цагдаа, ойролцоо явж байсан нэг иргэн өртөн амиа алджээ. Одоогийн байдлаар халдлагыг үйлдсэн гэдгээ аль нэг алан хядах байгууллагаас мэдэгдээгүй байна.

Шархдагсдыг дүүргийн эмнэлэгт хүргэж, хэргийн мөрдөх ажиллагааг эхлүүлжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ИУ бүлэглэлээс тус хотын Шийтүүдийн зорин очдог Бакир-уль-Улум сүмд хийсэн халдлагаар 30 хүн амиа алдаж, 70 орчим хүн шархдаж байжээ.

Орчуулсан: С.Нарангарав

Эх сурвалж: Синьхуа агентлаг