Ө.Эрдэнэбулган: Урлагийн төлөө цохилж буй зүрх бүхэнд

Залуу, уран бүтээлч Өнөрбаатарын Эрдэнэбулганы “Brilliance” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн зургаадугаар сарын 19-ны өдөр Blue Moon арт галерейд нээлтээ хийсэн юм.

Тэрээр уран бүтээлийн анхны үзэсгэлэн нээж байгаагаа тодотгож “Урлагийн төлөө цохилж буй зүрх бүхэнд.” гэж хэллээ. Ө.Эрдэнэбулган нь 2005-2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд зураач мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгссөний дараа чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад 2015-2017 оны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотын Хатан хааны И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийн дээд курсийг төгсчээ.

Харин тэрээр ОХУ-л сурч байхдаа Итали Улсын Флоренц хот дахь Флоренцийн уран зургийн академид шалгалт өгч тэнцсэн байна. Наймдугаар сард тус академид суралцахаар явах анхны монгол оюутан болоод байгаа юм.

Д.Батбаяр: Хүний явж байгаа зам, алсын зорилгыг нь илэрхийлдэг

Төрийн шагналт зохиолч, СГЗ Д.Батбаяр нээлтийн үеэр “Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Хүний явж байгаа зам, алсын зорилгыг нь илэрхийлдэг. Ө.Эрдэнэбулганы зам зөв байгааг саяхан сурч төгссөн ОХУ-ын дэлхийд нэртэй И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академийн хашир туршлагатай багш нарынх нь өнгө будганд дулдуйдан зуруулахгүй, зөвхөн хар зураг буюу харандаа нүүрсээр зурж, дадуулах дээр удтал тогтоон барьж байсан нь бэлээхэнээ илчлэнэ.

Хар зураг хүний дотоод ертөнцийг нээх нэгэн түлхүүр. Энэ түлхүүрийг Эрдэнэбулган гартаа оруулсан нь түүний зурсан хэд хэдэн хөрөгөөс харагдана. Академид сурч байхдаа зурсан "Анатолий Ильч”-ийн хөрөг бий. Энэ хөрөг залуу зураачийн хаа явж байгааг илтгэнэ” хэмээн үнэлээд, цааш нь “Ө.Эрдэнэбулгандаа уран бүтээлийн амжилт хүсч, хэзээ нэгэн цагт 80-90 нас хүрч “Намрын өнгө” гэдэг үзэсгэлэнгээ гаргаарай гэж хүсэн ерөөе.” хэмээв.

н.Болд: Бүтээлч сэтгэлгээ, хандлагаа илүү их өндөрт хүргэж яваарай

ДУДС-ийн багш н.Болд хэлэхдээ “Б.Эрдэнэбулган нь 2005-2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн миний шавь юм. Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаад баяр хүргэе. Манай сургуулийг 2010 онд төгссөн ихэнх залуучууд уран бүтээлээ хийж, Монголын дүрслэх урлагт өөрийн орон зайг нэмж, хувь нэмрээ оруулж байгаа юм. Харин манай Ө.Эрдэнэбулган оюутан байхаасаа өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, хамт олондоо нээлттэй байсан. Оюутан байхдаа ангийн дарга байлаа.

Сургуулиа төгсөөд ОХУ-ын Санктпетербургийн И.Е.Репиний нэрэмжит академид суралцаад, өөрийн сурч, мэдсэн зүйлээ тайлагнаж үзэсгэлэн гаргаж байгаад багшийн хувьд маш их баяртай байна. Бүтээлч сэтгэлгээ, хандлагаа илүү их өндөрт хүргэж яваарай. Өөрийн орон зайг, өнгөрсөн цаг хугацааг ч, мөн ирээдүйг ч төсөөлж уран бүтээлээрээ хүмүүст мэдрүүлэх боломжтой юм шүү. Цаашдаа гадаадын оронд сурахаар зорьж байгаад нь амжилт хүсье.” гэж онцолж хэлэв.

Б.Отгонтүвдэн: Монголын дүрслэх урлагт маш том хөрөнгө оруулалт хийх болтугай

Монголын залуу зураач Б.Отгонтүвдэн ОХУ-ын Санкт-Петербург хот дахь дэлхийн нэр хүндтэй  И.Е.Репиний нэрэмжит уран зургийн академид багшилж байсан юм. Одоо тэрээр Монголдоо ажиллаж байна. Энэ үеэр тэрээр хэлэхдээ “Ө.Эрдэнэбулган маш хөдөлмөрч залуу юм. Анх надтай танилцаж байхад И.Е.Репиний академи руу явж сурмаар байна гэсэн санал тавьж байсан. Олон залуучууд ийм хүсэл, эрмэлзэлтэй байсан учир тэнд сурах санал тавьж байлаа. Харин Ө.Эрдэнэбулган өөрийн урлангийнхаа ихэнх зүйлийг зарж, үнэн сэтгэлээсээ сурах чин хүсэлтэйгээр И.Е.Репиний нэрэмжит академи руу явж, сурч төгссөн юм.

Тэнд очоод сурахад маш олон бэрхшээлүүд тулгардаг. Ө.Эрдэнэбулган нь энэ бүх бэрхшээлийг давж, ар талд нь гарч чадсан. Ингэж сурч, тэмүүлж, бүтээснээр уран бүтээлийн дэвшилттэй зүйл харагддаг гэдгийг өнөөдөр харуулж байна. Ямар нэгэн зүйл энгийн байдаггүй, маш их зүйлийг туулж байж бүтээдэг. Тиймээс залуу зураач Ө.Эрдэнэбулганы уран бүтээлийн гараа эхэлж байгаа юм.

Оросын багш нар надад маш их баярлаж байсан. Яагаад гэхээр энэ залуу орос багш нарт үнэлэгдэж, хайр энэрэлийг татсан уран бүтээлч. Хурдан хугацаанд орос хэл сурч, ахисан. Уран бүтээлч хүн цаашаа ахиж байх хэрэгтэй. Нэг газраа зогсох хэрэггүй. ОХУ-ын Хатан хааны нэрэмжит И.Е.Репиний академид сурч өөрийгөө нээж, нэг зүйлийг олж авч нэг шат ахисан гэж үзэж байна. Цаашдаа олон шатыг даваарай. Монголын дүрслэх урлагт маш том хөрөнгө оруулалт хийх болтугай гэж уран бүтээлд нь амжилт хүсэн ерөөе” гэж бахархлаа.

Залуу зураач Ө.Эрдэнэбулган “Урлаг ойлгож, мэдэрдэг хүмүүс хүрэлцэн ирж, уран бүтээлийг минь сонирхож байгаад их баяртай байна. Багш маань биднийг уран бүтээлч болгоход сургасан юм. Зөвхөн зураг зурснаар үзэсгэлэн гаргадаггүй юм байна. Уран бүтээл хийхэд ард талд маш олон хүн байдаг. Намайг уран бүтээлээ хийхэд тус дэм болсон бүх хүмүүст баярлалаа.

Энэ үзэсгэлэн маань бие даасан анхны үзэсгэлэн болж байгаа нь онцлогтой. Урьд нь уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд оролцож байлаа. Өнөөдрийн бие даасан үзэсгэлэнд И.Е.Репиний нэрэмжит академид суралцах хугацаандаа зурсан хөрөг зургууд болон өнөөдрийг хүртэл 'зурсан зургуудыг дэлгэлээ. Би ихэвчлэн хөрөг болон байгалийн зураг зурах сонирхолтой.

Намайг өдийн зэрэгт хүрэхэд бүхий л сэтгэл зүрхээ зориулж, дэмжсэн аав, ээж, багшдаа баярлалаа. И.Е.Репиний нэрэмжит академид сурахад минь дэмжсэн Б.Отгонтүвдэн уран бүтээлч болон орос багш нартаа бас дахин баярлалаа.” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Б.Баярмаа