Сонгуульд санал өгөх 2.2 сая иргэн бүртгэгджээ

 
 
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Сонгогчдын нэрсийн жагсаалд нь нууцын зэрэглэлтэй учраас тагнуулын байгууллагын хяналтын дор явагддаг гэдгийг хэлж байна. Энэ удаагийн сонгуульд 2,230,018 сонгогч санал өгөхөөр бүртгүүлснээс үндсэн сонгогчоор 1,978,294 сонгогч бүртгэгдээд байна.

 

Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг:

 

Сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг санал авахаас 25-аас доошгүй хоногийн өмнө санал авах байр, хүсэлт гаргасан улс төрийн намуудад хүргүүлдэг. Зургаадугаар сарын нэгний байдлаар Монгол Улсын хэмжээнд  2 320 094 сонгогч байна. Үүнээс 7209 сонгогчийг гадаадад санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалтад оруулж,  1 980 052 сонгогчийг үндсэн сонгогчоор бүртгэсэн. Гадаадад 60-аас дээш хоногоор зорчсон 44 833 иргэнд түр хасалт тэмдэглэгээг хийж, хүргүүлсэн.

 

Сонгогч санал авахаас 14 хоногийн өмнө шилжилт хийлгэх, нас барсан иргэд, иргэний бүртгэлийн өөрчлөлт зэргээс шалтгаалж, сонгогчийн нэрийн жагсаалтад өөрчлөлт ордог. Энэ дагуу улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-16-нд 109 иргэн түр хасах тэмдэглэгээг сэргээсэн, 668 иргэн иргэний бүртгэлийн өөрчлөлтөөр, 1056 иргэн нас барсан, шилжин явсан 2774, шилжин ирсэн 1927 иргэний өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтийг санал авах байруудад хүргүүлсэн гэдгийг тэрбээр хэллээ.

 

Сонгогчийн нэрсийн жагсаалтын мэдээллийн санг Тагнуулын байгууллагаас найман чиглэлээр шалгалт хийдэг аж.

 

  • Иргэний бүртгэлд бүртгүүлсэн эсэх
  • РД-ын давхардал байгаа эсэх
  • Сонгогчийн нэр хэсэг тус бүрт давхардсан эсэх
  • Сонгуулийн насанд хүрээгүй сонгогч байгаа эсэх
  • Сонгогч нас барсан эсэх
  • Хаяггүй иргэн байгаа эсэх
  • Хэсэг оноогдоогүй үлдсэн сонгогч байгаа эсэх
  • Гадаадын иргэн байгаа эсэх зэргийг үндэслэн шалгаж, мэдээллийн санг түгждэг байна.

 Мөн мэдээллийн санд ямар нэг байдлаар халдлага хийх боломжгүй гэсэн мэдээллийг өглөө

 

,