Криштиану Роналду шоронд орохоос зайлсхийх боломжтой

Португалийн шигшээ баг болон Мадридын “Реал”-ын довтлогч Криштиану Роналду 60 хоногийн дотор багтаан Испанийн татварын албанд 14,8 сая евро төлчихвөл хоригдох ялаас хэлтрэх боломжтой гэнэ.

 

 Түүний хэргийг хөнгөрүүлэх үүднээс гэм буруугаа албан ёсоор хүлээгээд, хохирлыг байршуулж болох талаар албаныхан зөвлөсөн аж. Хэрэв тэгсэн тохиолдолд 32 настай тамирчин эр хоёр хүртэл жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлэх бололтой.

 Дашрамд сонирхуулахад, Роналдугийн үйлдсэн хэрэг “Барселона”-гийн Лионель Мессигийнхээс ноцтой гэнэ. Испанийн хууль ёсоор бол 600 мянган еврогоос дээш хэмжээтэй татвар төлөөгүй нуун дарагдуулсан тохиолдолд зургаа хүртэл жилээр хорих ял оногдуулдаг аж.

 Энэ сарын 13-нд Испанийн Прокурорын газар Роналдуг 14,7 сая еврогийн татвар төлөөгүй хэмээн хэрэг үүсгэсэн билээ.

 Алдарт тамирчин залуу тусгайлан бий болгосон бизнес бүтцийн тусламжтайгаар өөрийн орлогоо нуун дарагдуулсан гэдэгт хууль сахиулах байгууллагынхан итгэлтэй байгаа бололтой. Роналдугийн хэргийн сонсгол ирэх долдугаар сарын 31-нд болох аж.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN