С.Баярмаа:С.Бямбацогт Х.Баттулгын талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь гэмт хэргийн шинжтэй байна

 

Хуульч С.Баярмаа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын нэр төрд халдсан, гүтгэсэн үйлдлийг шалгуулахаар өнөөдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргалаа. Тэрээр гомдол гаргаж буй үндэслэлийнхээ талаар “6 сарын 21-ний өдөр сайд яаман дээрээ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр нэр дэвшигч Х.Баттулгын нэр төрд халдсан гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд тараасан. Тухайлбал, Х.Баттулгын өмчлөлийн “Camel” гэдэг компани олон мянган хятад ажилчдыг зуучлан оруулж ирж Петро Чайна, Дайчин тамсаг, Оюу толгой компанид ажиллуулж монгол залуучуудын ажлын байрыг булааж байна гэсэн агуулгатай үндэслэлгүй мэдээлэл тараасан. Х.Баттулга нэр дэвшигчид ямар ч “Camel” гэдэг компани байхгүй. Хууль зүйн сайд, Монгол Улсын хуулийн салбарыг тэргүүлж толгойлж байгаа хүн ингэж үндэслэлгүйгээр, ямар ч баримтгүйгээр, ийм компани байдаг эсэхийг ч судлалгүй хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж энэ гомдлыг гаргаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 116, 117 зүйл болон холбогдох зүйл заалтад цагдаагийн байгууллага богино хугацаанд энэ гомдлыг хянан шийдвэрлэх ёстой. Ээлжит сонгууль дээр тусгай баг бүрэлдэхүүн гаргаж шалгаж байгаа учраас богино хугацаанд шалгаад хариу өгөх байх гэж найдаж байна” гэв.