Завьт эргүүлийнхэн гурван настай хүүхдийн амь аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас эцэг эхчүүдэд бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хараа хяналт тавихыг анхааруулав.


Тус газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж эхлээд байна.

Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд Туул голын дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлэх үеэр гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажилласны үр дүнд аварчээ. Тухайн үед эцэг эх нь хүүхдээ хараа хяналтгүй орхисны улмаас голын усанд осолдоход хүрснийг албаныхан хэллээ.