Орос, Монголын Төв банкуудын уулзалтаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэнэ

Орос, Монголын Төв банк хоорондын дугуй ширээний хоёрдугаар уулзалтын нээлт Туушин зочид буудалд зургаадугаар сарын 29-ны өдрийн өглөө эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтад Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, ОХУ-ын Төв банкны Дэд ерөнхийлөгч А.П.Торшина нар болон бусад албаны хүмүүс, мөн ОХУ-ын Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизова нар оролцож байна. Уулзалтаар Монгол Улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагаа, ОХУ-ын Банкны салбарын өнөөгийн байдал ба хөгжил, Монгол дахь өнөөгийн макро эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын боломж, Монголын Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого, хоёр орны хоорондох худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцөлийг сайжруулах зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Нээлтийн эхэнд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Сүүлийн жилүүдэд хоёр орны Төв банкны хамтын ажиллагаа нь ялангуяа эдийн засаг, гадаад худалдаанд маш их ахиц, өөрчлөлт гарч байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна. 1993 онд хоёр орны Төв банк хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар үндэс суурь тавигдсан. Харин ОХУ-ын Төв банк нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын Монгол банканд анхаарал хандуулж, эдийн засгийн хөгжилд нөлөөлж байгаа.

Бидний хамтын ажиллагаа банкны удирдлагын түвшинд, мөн холбогдох банкуудтай хамтарч ажиллана гэдэгт найдаж байна. ОХУ-ын Төв банк нь Монгол Улсын Төв банктай хамтын ажиллагаагаа шинэ шатанд хүргэж, өөрчлөлт хийж байгаа болохоор цаашид амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын мөнх цэлмэг тэнгэрийн дор энэ уулзалтыг зохион байгуулж, үр дүнтэй болохын төлөө амжилт хүсье” гэж хэллээ.

Дараа нь Оросын Төв банкны дэд ерөнхийлөгч А.П.Торшина хэлэхдээ “Монгол Оросын Төв банк хоорондын дугуй ширээний уулзалтад хүрэлцэн ирсэн та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Хоёр улсын Төв банкны хамтын үйл ажиллагаа болон өөрчлөлт шинэчлэлтийн талаар анхны уулзалтаар санал солилцож байсан. Хоёр орны Төв банкуудын анхдугаар уулзалт 2015 онд ОХУ-ын Москва хотод болж, Монгол банк, ОХУ-ын Төв банктай “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл” байгуулах асуудал, хоёр улсын арилжааны банкуудын хамтын ажиллагааг дэмжиж, дугуй ширээний уулзалтыг зохион байгуулах боломжийг судлах талаар ярилцаж байсан юм. Харин анхны хуралдааны үр дүнд энэхүү хоёрдугаар уулзалт болж байгаад амжилт хүсье” хэмээн тодотгосон юм.

Хоёр орны төв банкны анхдугаар уулзалтаар банк хоорондын хил дамнасан төлбөр тооцооны системийг хөгжүүлэх, ОХУ-ын хилийн ойролцоох арилжааны банкуудаас бэлэн рубль импортлох боломжийг Монголын банкуудад олгох талаар байр сууриа илэрхийлж байжээ.

Энэ удаагийн уулзалтын эхэнд Монгол банкны ерөнхий эдийн засагч, Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Ганбаатар “Монгол Улсын гадаад худалдаа, банкны секторын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавив.

Тэрээр энэ сэдвийн хүрээнд танилцуулахдаа “Монгол Улсын үндэсний бүтээгдэхүүний үнэ унаснаар эдийн засагт огцом нөлөө үзүүлсэн....Манай орны эдийн засгийн хөгжил нь энэ оны эхний хагас жилд 4 хувиар сэргэж байгааг харахад цаашид эдийн засаг өсөх хандлага ажиглагдаж байна. Харин 2018 онд үндэсний бүтээгдэхүүний үнэ, өсөлт хэвийн хэмжээнд байна гэж үзвэл эдийн засагт сайн нөлөөтэй юм.

Бидний болон гадаадын байгууллагын судалгаагаар манай орны эдийн засгийн хөгжил 8 хувьд хүрсэн байна. Энэ судалгаанд уул уурхайн салбарыг хамруулаагүй болно. Энэ жил Засгийн газраас инфляцид хязгаар тогтоосон. Ингэснээр инфляцийн түвшин хэвийн хэмжээнд хүрч, эдийн засгийн бодит байдал сайн тал руу шилжиж байгаа юм.

Одоогийн байдлаар 2018 онд инфляци болон эдийн засгийн өсөлт 6-8 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа. Манай Төв банк ОХУ-ын Төв банктай 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 14 банк бүртгэгдэж, 13 банк нь ОХУ-ын 33 банктай шууд харилцаж байна. Мөн 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дахин гэрээ байгуулж байлаа. Энэ үе бол эдийн засгийн хувьд маш хүнд он байсан. Олон улсын хөрөнгө оруулалтын банкуудад ч гэсэн хүнд асуудал тулгарч байв.

Ийм үед бид хяналтын үйл ажиллагааг хамтарч явуулах гэрээг байгуулсан нь амжилт руу хүрч байна. Тиймээс би энэ уулзалтад хоёр орны Төв банкны бэлэн бус аюулгүй байдлыг хангах, худалдааны операци явагдаж байгаа энэ үед онцгой анхаарч ажиллаж, тодорхой гарц, шийдлүүдийг гаргах хэрэгтэй гэсэн хоёр асуудлыг дэвшүүлж байна” хэмээн онцолсон юм.

Уулзалтын явцад ОХУ-ын Сибирийн төв банкны ерөнхий захирал, хатагтай Н.В.Болотовой "ОХУ-ын банкны салбар" сэдвээр илтгэл тавьж, банкны үйл ажиллагаа менежмент, санхүүгийн зах зээл, хяналт болон Сибирийн банкны гадаад валютын хяналтын талаар танилцуулга хийлээ.

Н.В.Болотовой “Сибирийн Төв банканд 12 мужийг хамаарч, 140 салбар банк хамтын үйл ажиллагаатай ажилладаг. Сүүлийн жилд бид банкны салбарыг сэргээхэд онцгой анхаарч байна. Тус салбарт ажилладаг хүмүүс ажилдаа хариуцлагагүй хандаж, алдаа, алдагдал гаргасанд анхаарч, үүнийг нөхөж авахад тодорхой ажлуудыг хийж байгаа....Жишээ нь, Банкны салбарын зээлийн хувьд ашиггүй зээл 12,5 хувиар өссөн. Эргэн төлөгдөх ёстой зээл цаг хугацаандаа төлөгдөхгүй байгааг анхаарч, өндөр шаардлагыг зээлдэгч болон зээлдүүлэгч талд тавьдаг болсон. Харин төвлөрсөн зээл багасч эхэлсэн.

Сүүлийн жилд Орос, Монголын банкуудын харилцаа сайжирч байна. Мөн Тувагийн банкуудтай хамтын ажиллагаа явуулж байна. ОХУ-ын бараа эргэлт нэг тэрбум долларыг эзэлж байна. Цаашид хоёр орны төв банкны хамтын ажиллагаа идэвхижнэ гэдэгт найдаж байна” гэж тайлбарлав.

Энэхүү уулзалтаар банкуудын хооронд байгуулсан хамтын ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх болон хоёр орны арилжааны банкууд хоорондын уулзалт болох аж.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалтын үеэр Сангийн яамны Санхүү, бодлогын газрын захирал О.Баттулга, Монгол банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхон, гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, АО Газпром банкны Тамгын газрын дарга В.И.Кислов, Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ахлах эдийн засагч Б.Болдбаатар, МУИС-ийн эдийн  засгийн доктор Б.Түвшинтөгс, доктор Ч.Хашчулуун нар “Орчин үеийн макроэдийн засгийн нөхцөл байдал болон Монголд хөрөнгө оруулалт хийх боломжууд, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Б.Баярмаа