О.Орхон: Орос, Монголын хамтарсан төслүүд, экспорт, импорт, гадаад худалдааг санхүүжүүлэх олон боломжууд бий

Орос, Монголын Төв банк хоорондын дугуй ширээний хоёрдугаар уулзалтын үеэр Монгол банкны холбооны Ерөнхийлөгч О.Орхонтой ярилцлаа.

-Одоогийн байдлаар манай улсын банкны салбар ОХУ-ын банкуудтай ямар түвшинд хамтын ажиллагаатай байна вэ?

-Бид ОХУ-ын Төрийн өмчит томоохон компаниудтай түлхүү ажиллаж байна. Харин Орос улсын бүс нутгийн банкууд ч гэдэг юм уу, жижиг дунд хэмжээний хувийн банкуудын хяналт шалгалтын хувьд ямар байдаг юм бол, олон улсын стандртыг хангаж, дүрэм журмаа хэрхэн хангаж ажиллаж байна гэдгийг Монголоос дүгнэхэд хэцүү. ОХУ-ын банкуудын зүгээс ч гэсэн Монголын банкуудын үйл ажиллагаа ямар байдаг юм бэ, мэдээллээ үнэн зөв тайлагнаж байна уу гэдгийг сонирхон, судалж, бидэнд бүрэн итгэхгүй байх шиг байна. Тиймээс энэ итгэлийг сэргээж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд нэлээд зүйлийг хийх ёстой болов уу гэж бодож байна.

- Монголын банкны холбоо нь Орос, Монголын Төв банкны хоёрдугаар уулзалтаас юу хүлээж байна вэ?

-Манай улс хамгийн гол нь ОХУ-ын хувийн компаниудтай харилцаа тогтоох, анхан шатны гэрээ хэлэлцээрүүдийг бий болгох, харилцан дансуудаа нээх, төгрөг, рублийн арилжааг идэвхжүүлэх шаардлагатай байна. Үүний дараа бид Орос, Монголын хамтарсан төслүүд болон экспорт, импорт, гадаад худалдааг санхүүжүүлэх зэрэг олон боломжууд бий. Мөн хөрөнгийн болон валютын зах зээлд ажиллах боломж харагдаж байна. Үүний зэрэгцээ санкц болон Оросын эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж хэлэхэд ОХУ-д мөнгө байгаа. Одоогийн байдлаар хамтарсан олигтой төсөл, хөтөлбөр хэрэгжээгүй байна. Манай улсад хөрөнгө, санхүүгийн дутагдал ихтэй байгаа үед ОХУ-ын Төв банктай хамтарч ажиллах боломжууд их бий.

-Чанаргүй зээл манай улсын банкуудад нэлээд их тулгарч байгаа. Оросын банкуудад чанаргүй зээл ямар түвшинд байна вэ?

-Чанаргүй зээлийн хувьд хоёр орны банкуудад тулгарч буй асуудал ойролцоо байгаа. Гэхдээ эдийн засгийн хямрал Монголд илүү их нөлөөлж байгаа учраас банкны секторын чанаргүй зээл 9 хувьтай байгаа бол Оросын банкуудад чанаргүй зээл 7 хувьтай байна гэж харуулж байна. Ерөнхийдөө нөхцөл байдал, зээлийн өсөлт бууралт, жилийн хүүгийн хэмжээ зэрэг нэлээд ойролцоо байгаа нь уулзалтын үеэр танилцуулсан нь харагдлаа.  Гэвч ОХУ-д эдийн засаг харьцангуй хурдан сэргэлттэй явж байна.

-Монгол Төв банк чанаргүй зээлийг хуучин аргаар тооцоолж гаргадаг гэж сонссон. Сүүлийн үед хиймэл оюун ухааны аргыг ашиглаж, тооцвол илүү эрсдэл багатай байдаг талаар судлаачид ярьж байсан. Та энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Чанаргүй зээлийг тооцох аргачлал, дараа нь төлөвлөх, удирдах зэрэг маш олон аргууд олон улсын практикт байдаг. Эдгээр аргууд ОХУ-д нэлээд их нэвтэрсэн байна. Харин манай улсад Активын удирдлагын компани банкуудын чанаргүй активуудыг судалж, нэгтгээд худалддаг. Мөн хоёрдахь зах зээлд гаргадаг, чанартай болохоор нь эргэж төлүүлдэг, үнэ өсгөж байгаад дундаас нь ашиг олдог бүтэц байхгүй.

Монгол банкнаас эдгээр аргачлалаас удаа дараа санаачилж, хийх гэж зорьсон ч төдийлөн улс төрийн дэмжлэг авахгүй байна гэж би ойлгосон. Ерөнхийдөө Монгол Улсад банкуудад хандах хандлага, эдийн засагт үзүүүлж буй нөлөө, үүргийг дутуу үнэлж байгаа нь харагддаг. Жишээ нь, өнөөдрийн манай улсын эдийн засгийн хүнд нөхцөл байдалд банкуудыг нэлээн их буруутгаж ойлгодог явдал түгээмэл байна. ОХУ шиг тийм систем, хөгжилтэй орнууд банкуудаа дэмждэг. Нэмээд хэлэхэд, Орост яагаад бодлого нь уян хатан, зах зээлд шууд нөлөөгөө үзүүлж чадаж байна вэ гэвэл ОХУ-ын Төв банк хоёр урсгалтай байдаг. Нэг талаасаа шаардлагатай тохиолдолд мөнгийг татдаг, мөн шаардлагатай тохиолдолд бусад арилжааны банкуудаар дамжуулж мөнгөний нийлүүлэлтийг хийдэг гэх хоёр урсгалтай нь энэ удаагийн танилцуулгаар харагдаж байна.

Гэтэл манай улсад зөвхөн мөнгөний эрэлттэй үед бодлогын хүүг өсгөх замаар мөнгийг татдаг. Монгол банк бодлогын хүүгээ хоёр нэгжээр бууруулж байгаа ч банкуудын хүү буурахгүй байх жишээтэй. Иймэрхүү бодлогын алдаа гарч байгаа юм.

-Ерөнхийдөө Монголын банкуудын тооцооны аргачлал буруу байна уу?

-Манай улсын банкуудын тооцдог арга, хэрэгжүүлдэг арга механизм, мөнгөний нийлүүлэлтийн бодлого зэргийг дахин шинэчлэх шаардлагатай.

Б.Баярмаа