Улсыг удирдсан найман жил

Монгол Улсын Үндсэн хуульд, “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалт бий. Энэ заалт дахь “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” хэмээх нь дотоодод гэхээсээ илүү гадаад ертөнцөд хандсан санаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад ертөнцөд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэх учиртай хүн. Ц.Элбэгдорж энэ үүрэг, соёрхлоо хэрхэн биелүүлсэн бэ?




  • Олон улсын харилцааг бид өнөө маргаашаа харсан сандал суудлын сөргөлдөөнтэйгөө адилаар харж болохгүй. Урт хугацааны бодлого, эерэг хандлага энд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд, хэн санаачилгатай байж, хэн алсыг харж чадсан нь он удсаны дараа байр сууриа хадгалан үлдэж, нөлөөгөө тэлэх болно. Энэ бол даяаршиж буй дэлхий ертөнцийн шинэ хууль.


Монгол Улс 71 жилийн өмнө анхны улстайгаа дипломат харилцаа тогтоож байлаа. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын гишүүн 186 улстай дипломат харилцаа тогтоогоод буй. Энэ бол Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд, дипломатуудын асар их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн. Дипломат харилцааны энэ 70 жилийн түүхийг харахад он цагийн хувьд 1946-1986 он хүртэлх 40 жилийн дотор 99 улс оронтой дипломат харилцаа тогтоожээ. Түүнээс хойшхи 30 жилийн дотор энэ тоо 100 шахам улсаар өргөжиж. Бүр нарийвчилбал ердөө сүүлийн 7 жил хэртэй хугацааны дотор 38 улс оронтой дипломат харилцаа тогтоогоод байна. Энэ бол манай улсын дипломат харилцааны түүхэн дэх оргил он цаг гэхэд болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа жил буюу 2010 онд НҮБ-ын гишүүн бүх улс оронтой дипломат харилцаа тогтоох чиглэлийг өгч байсан нь долоон жилийн дотор биелжээ.

Монгол Улсын амбиц, хараат бус байдлыг дэлхий нийтэд ухаалгаар таниулах гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хичээл зүтгэлийн гол үр дүн нь АСЕМ байсан. Харин үр шимийг нь ирээдүй үе маань хүртэнэ. АСЕМ-аас гадна Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн орноор элссэн, Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх яриа хэлэлцээний шинэ механизм бий болгосон гээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хичээл зүтгэлээр биелэлээ олсон олон ажлыг жагсаагаад харахад “Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” хэмээх Үндсэн хуулиар оноогдсон чиг үүрэг, ард түмний сонголтоор ирсэн хувь зохиолоо Ц.Элбэгдорж хэмээх бие хүн нэр төртэйгөөр үүрсээр найман жилийг өнгөрөөжээ.

Ц.Элбэгдоржийн энэ найман жилд хэрэгжүүлсэн гадаад бодлогыг товчхондоо “жижиг орны том улс төр” гээд тодорхойлчихож болмоор юм шиг. Эдийн засгийн хөгжил, багтаамжаар хэдий жижиг орон гэгдэж буй ч, дэлхийн бодлогод жин дарах хэт амбицтай юм шиг хэрнээ ухаалаг бодлогыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж барьж иржээ. Дөнгөж нээгдэж буй Куба улсад лекц уншиж, Ираны цөмийн байгууламжтай танилцаж аль том орны лидерийн мөрөөдөхөөр алхамуудыг тэр бүрэн эрхийнхээ хугацаанд хангалттай хийв. Үр дүнд нь дэлхийн дахины Монголыг харах өнцөг тэлж, олон улсын харилцаанд нэгэн шинэ хуудас нээгдлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн найман жилдээ гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр амжуулсан “Онцлох 15 ажил”-ыг уг тайлангаар тоймлон хүргэлээ.

Энэхүү хураангуй тайланг Монголын Медиа Корпорациас зохион байгуулж буй “АРДЫН ҮГ“ иргэдийн зөвлөлдөх аянд зориулан хэвлэлээ.

Эх сурвалж: ASSA сэтгүүл