Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашив

Монголын газар нутаг, өв соёлтой холбоотой олон олдвор, эд өлгийн зүйлс хилийн чанадад байдаг. Эдгээрийг эх орондоо эргүүлэн авч ирэх үйлсийн үүдийг 2012 онд нээв. 2012 оны тавдугаар сард Монголоос гаралтай “Батаар” үлэг гүрвэлийн ясыг Нью-Йоркт хууль бусаар дуудлага худалдаанд оруулсан тухай шуугиан дэгдэв. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын өмгөөлөгч Роберт Пэйнтэрт цаг алдалгүй хандсан билээ.


Өмгөөлөгч Роберт Пэйнтэр АНУ, Канад, Монголын мэргэжилтнүүдийн хамтаар үлэг гүрвэлийн ясыг Говийн Нэмэгтийн орчмоос малтаж, хууль бусаар хил давуулсныг тогтоон Холбооны шүүхээс улсын мэдэлд хураан авах шийдвэрийг гаргуулж чадсан.

Бид үүгээрээ түүх дурсгалын эд зүйлийг хууль бусаар хил давуулагч этгээдүүдэд хатуу сануулга өгч чадлаа. Эрх чөлөө, шударга ёс, хуулийн тогтолцоогоор АНУ дэлхий нийтэд үлгэр дууриал үзүүлдэг болохоо харууллаа. Хууль ёсоо дээдэлж, бидэнтэй хамтран ажиллан Монголын түүхийн үнэт өвийг эргүүлэн өгөх үйлсэд гар бие оролцсон хүн бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Шүүхийн шийдвэрийг биелүүлж, үлэг гүрвэлийн ясыг хураан авахыг хараад шударга ёс ямар хүчтэй байдгийг мэдэрлээ. Ардчилсан улс оронд хууль ёс хэрхэн шударгаар үйлчилдгийн нэг тод жишээ энэ юм. Одоо “Батаар”-ыг хууль ёсны эзэнд нь, Монголын ард түмэнд хүлээлгэн өгөхөд дөхөмтэй боллоо.
Өмгөөлөгч Роберт Пэйнтэр
“Батаар” үлэг гүрвэлийн ясыг хураан авах үйл ажиллагаанд оролцож, хөндлөнгөөс хянасан

Үлэг гүрвэлийн ясыг хураан авч буй үйл явцыг бид баримтжуулж, зургийг нь авлаа. Үнэхээр үйл явдал гайхалтай өрнөж, бидний хүчин зүтгэл талаар болоогүйд баяртай байна. Шүүхийн шийдвэрийг ийм хурдан биелүүлж, үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авна чинээ санасангүй.
Судлаач М.Болорцэцэг
Шинжлэх ухааны академийн албан ёсны төлөөлөгч

Эх сурвалж: ASSA сэтгүүл