Гэр бүл төлөвлөлтөд хөрөнгө оруулах нь чухал болохыг онцоллоо

Дэлхийн хүн амын өдрийг “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхжуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдвээр тэмдэглэж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Улсын Их Хурлын Гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Засгийн Газрын Гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар Blue sky-ийн гурван давхарт долоодугаар сарын 18-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

1990 оны 12 сард НҮБ-ын Ерөнхий ассамблей долоодугаар сарын 11-ний өдрийг дэлхийн хүн амын өдөр болгон тунхаглажээ. Энэ цагаас хойш хүн амын асуудал, түүний нийгэм, улс төрийн үр дагаврыг олон нийтэд таниулж мэдээллэх замаар гишүүн орнууд уг өдрийг тэмдэглэж заншсан байна.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа мэдээллэхдээ “1987 оны долоодугаар сарын 11-ны өдөр дэлхийн хүн амын өдрийг анх тэмдэглэсэн түүхтэй байдаг. Тэр үед дэлхийн хүн ам таван тэрбум хүрчээ. Энэхүү өдөр жил бүр хүн амын асуудлыг байгаль орчин, хөгжлийн сэдвүүдтэй уялдуулж, олон нийтэд таниулах үйл ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хүн ам 7,5 тэрбум хүрсэн байна. Монголчууд бидний эрхэмлэн дээдэлж, айл хотлоорооо цэнгэн баясдаг үндэсний их баяр наадамтай энэхүү дэлхийн хүн амын өдөр давхцдаг учир давхар тэмдэглэдэг.

Улс орон бүрийн оршин тогтнох эх үндэс нь хүн өөрөө байдаг. Харин хүний нийгмийн аз жаргалтай эрүүл энх, урт удаан оршин тогтнож, хөгжин дэвшихийн суурь нь гэр бүл юм. Сүүлийн жилд манай улсын хүн амын тоо хурдацтай хөгжиж, төрөлт ихэссэн. Монголын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая болсон бол 2015 онд гурван сая дахь иргэнээ хүлээж авсан. Өнөөдөр хүн ам 3 сая 120 мянгад хүрсэн тоон мэдээлэл байна. Цаашид манай улсын хүн ам 2020 онд 3 сая 360 мянга болох бөгөөд 2031 онд 4 сая дахь хүнээ хүлээж авна гэсэн тооцоо гарсан байгаа. Хүн амын төрөлт, өсөлтийн ерөнхий чиг хандлага нь улс орны нийгэм-эдийн засгийн байдал, ялангуяа эрүүл мэндийг хамгаалах салбартай нягт уялдаатай. Түүнчлэн хүн амын боловсрол, ажил эрхлэлтийн түвшин ихээхэн хамаардаг. Хүн амын тоо, төрөлт, жирэмслэлтийн тоо өсөх зэрэг нь гэр бүл төлөвлөлттэй зайлшгүй холбоотой. Жишээ нь, Гэр бүл төлөвлөлт нь хувь хүн болон хосуудын хүссэн тооны хүүхдээ төлөвлөж төрүүлэх,төрөлт хоорондын зайг зохицуулах, жирэмслэлтээс хамгаалах боломжуудыг олгодог байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас нөхөн үржихүйн эрүүл мэндийн дөрвөн удаагийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эмэгтэй эрэгтэйчүүд, өсвөр насныханд нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж, хүн амын тогтвортой хөгжлийг дэмжих замаар Монгол хүний хөгжлийг хангах таатай орчинг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм.” гэв.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд мэдээллэж байгаагаар гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээг хүртэх нь хүний эрх, нийгмийн хөгжлийн салшгүй нэг элемент болохыг нийтээр хүлээн зөвшөөрчээ. Энэ нь эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх хамгийн үр өгөөжтэй аргуудын нэг болдог байна. Монгол Улс өнгөрсөн 20 жилд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад гайхалтай ахиц гаргажээ. Гэвч гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах явдал 2003-2013 оны хооронд 94 хувиас 77 хувь болон буурч, үр хөндөлтийн хувь хэмжээ тогтмол өндөр байж, 2016 оны сүүлээр 1000 амьд төрөлт тутамд 234 болсон байна.

Тэд жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт 2007 онд 1,7 хувь байснаа 2014 онд 5,1 хувь болон өсч, манай улсад гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг шийдвэрлэх цаг болсныг анхаарууллаа.

НҮБ-ын Хүн амын сангийн суури төлөөлөгч Наоми Китахара “Эмэгтэйчүүд, хосуудыг гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой. Гэр бүлүүд хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хувь хүмүүс чөлөөтэй шийдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх юм. Эмэгтэйчүүд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болсноор сургуулиа төгсөж, амьжиргаагаа сайжруулан, орлогоо өсгөж, улсынхаа эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь нотлогдсон” гэж тодотгон хэллээ.

Дэлхийн хүн амын өдөр НҮБ-ын Хүн амын сангийн тооцоолсноор жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлд өнөөгийн төвшнөөс илүү зарцуулж буй нэг доллар тутамд жирэмслэлттэй холбоотой тусламж үйлчилгээний зардал 2,30 доллараар буурчээ. Энэ нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ хүртэх хүн бүрийн эрхийг хангахад гэр бүл төлөвлөлт чухал ач холбогдолтойг тэмдэглээд, улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн тулд гэр бүл төлөвлөлтөд хөрөнгө оруулах нь чухал болохыг энэ үеэр тэрээр ярилаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Манай улсын хүн амын нөхөн үржихүйн асуудал Монгол Улсын хэмжээнд хэрхэн явагдаж байна вэ, хүн амын өсөлт, хөгжилтөд төрөөс баримтлах ямар бодлого байгаа болон Эрүүл мэндийн салбартай ямар уялдаа холбоотой, ард иргэдэд энэ тухай мэдээллийг хэрхэн хүргэх вэ гэх асуудлыг онцолж хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Хүн ам өснө гэдэг улс орны хэмжээнд олон асуудлууд тулгарч гардаг. Жишээ нь, хүртээмжтэй төрийн бодлого, нийгмийн халамжийн асуудлууд тавигддаг. Үүн дотроос эрүүл мэндийн асуудлыг тодорхойлж товч мэдээлэл хүргэе.Улс орон болон хүн амын хөгжлөөр эдийн засгийн хөгжил хэмжигддэг. Хүн амыг өсгөхөд ямар бодлого баримтлах нь чухал асуудал.

Манай улсад өдөртөө 200 орчим хүүхэд төрдөг бол жилд бид 70000-7500 шинэ иргэн хүлээн авч байна. Хүн ам ингэж өсч байгаа ч үүний дотор үр хөндөлтийн асуудал явагддаг. Ийм асуудлыг дэлхийд хэрхэн зохицуулж байгаа болон Монголын хэмжээнд үүнийг зохицуулахад ямар механизм, ямар үндэслэлээр хэрхэн явуулах тухай анхаарлаа хандуулж байна.

Бид Засгийн газраас нөхөн үржихүйн Үндэсний хөтөлбөртөө 2020 он гэхэд 1,2 тэрбум төгрөг зарцуулна гэж тусгасан. Үүнээс ихэнх хувийг НҮБ-ын Хүн амын сан маш их дэмжлэг үзүүлж, санхүүжүүлж байгаа юм. Энэ хүрээнд бид гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт гэх энэ бүхэнд цогц бодлого баримтлаж байж хүн ам эрүүл чийрэг өсч торних боломжийг бүрдүүлэх ёстой. Жишээ нь 15-19-насны 1000 охидын дунд 50 тохиолдол жирэмслэлт, төрөлт гарч байна. Энэ бүхнийг бид бодлогоор зохицуулах ёстой.” гэж онцолж хэллээ.

Дэлхийн болон Монголын хүн амын асуудал, гэр бүл төлөвлөлтөөр дамжуулан монголчуудын эрх, үндэсний хөгжлийг хангахын төлөө хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ийнхүү мэдээллээ.

Б.Баярмаа