Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах тухай албан тоот илгээв

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” албан тоотыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт илгээлээ.

Уг албан тоотоор:
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг сум, дүүрэг, хорооны Иргэний танхим, тусгай бэлтгэсэн өрөөнд байнга хүлээн авах, цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлж ажиллахад анхаарах;
Хэлэлцүүлгийг аймаг суманд зохион байгуулах ажлыг аймаг, сум, дүүргийн шат шатны ИТХ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, аймгийн ЗДТГ-ын дарга нар хариуцан зохион байгуулах;
Бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар Улсын Их Хурлын байнгын хороодоос орон нутагт ажиллах албан хаагч нарыг унаагаар хангах, сургалт хэлэлцүүлэг хийх танхим, байр, тоног төхөөрөмжийг бэлтгэх, хэлэлцүүлгийг дэгийн дагуу зохион байгуулах;
Аймгийн хэмжээнд зохион байгуулсан хэлэлцүүлгийн дүнг нэгтгэж УИХ-ын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх Ажлын хэсэгт 2017 оны 9 дүгээр сард багтаан ирүүлэх зэрэг үүрэг даалгавар өгчээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.