Г.Ганбаясах: Чингис хааны үед ээжийгээ, эмэгтэй хүнийг, охидыг харьцангуй өндөрт үздэг байжээ

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахтай жендэрт суурилсан хүчирхийлэл болон эмэгтэй хүнийг хэдий үеэс дорд үздэг болсон асуудлаар ярилцлаа.

-Жендерийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг сүүлийн үед хөндөж ярьдаг болсон. Энэ сэдвээр сая хэлэлцүүлэг өрнүүллээ. Ер нь үр дүнд хүрч байна уу?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр жендерийн эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хөндөж тавьж байна. Нэгд, гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл болон ганц хоёр тохиолдолд хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн асуудлыг хөндөхөөс биш яг жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг хөндөж тавьж чадахгүй байна. 

Энэ асуудлыг хөндөхдөө мэдээ маягаар биш яаж энэ асуудлаас урьдчилан сэргийлэх вэ, яаж шийдвэрлэх вэ, бодлого нь ямар байх вэ, хувь хүн энэ асуудалд яаж оролцох вэ, үйлчилгээ нь ямар байх ёстой вэ гэх мэт асуудлаар энэ хэлэлцүүлгээр онцолж хэлэлцлээ.

Хоёрт, дөрөвдэх засаглал нийгэмдээ мэдээлэл хүргэхдээ үнэн зөв, эерэг ойлголтыг бий болгоход цаашид яаж анхаарал хандуулж ажиллах талаар бид ярилцлаа.

-Монголд жендэрт суурилсан хүчирхийллийн аль хэлбэр нь давамгайлдаг вэ?

-Монголд гэр бүлийн хүчирхийллийн асуудал сүүлийн үед нэлээд их гарлаа. Бид энэ асуудалд анхаарч байгаа хэвлэл мэдээллийн оролцоонд талархаж байгаа юм. 2016 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хойшлуулахад хэвлэл мэдээллийнхэн маш эрчимтэй гэмт хэргийн төлөө дуугарч, зорилго нэгдэн, эсэргүүцэж тэмцсний эцэст 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс  батлагдан, хэрэгжиж эхэллээ.

Одоогийн байдлаар Монголд гэр бүлийн хүчирхийлэл багагүй тавигдаж байгаа бол бэлгийн хүчирхийллийн асуудал хоёр дахь асуудал болж тавигдаж байна. Цагдаагийн байгууллагад жилдээ 300 орчим хэрэг бүртгэгдэж байна гэсэн мэдээ бий. Гэхдээ бүртгэгдээгүй хэрэг маш олон байгаа, ялангуяа ихэвчлэн нууцлан далдлаад байдаг. Сүүлийн үед хүн худалдаалах болон ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал илэрч байгаа. Тиймээс бид эмэгтэй болж төрснийхөө төлөө гэмт хэргийн хохирогч болж байгааг жендэрт суурилсан хүчирхийлэл гэж нэрлээд байгаа юм.

-Сэтгэл санааны хүчирхийллийн хувьд?

-Гэр бүлийн хүчирхийлэл доторхи сэтгэл санааны хүчирхийлэлд тухайн хүнийг доромжлох, гэр бүлийн болон ойр дотны холбоотой хүмүүс хэн нэгнээ бүтэн нэрээр нь дуудахгүй байх, дуугаа өндөрсгөх байдлаар ханддаг. Энэ бүх буруу хандлагаас эхлүүлээд тухайн хүн амиа хорлох, сэтгэл санаагаар унах байдалд хүргэх зэрэг олон асуудал үүсдэг.

-Эдийн засгийн дарамт үзүүлснээс болж сэтгэлийн хямралд орох асуудал бас бий?

-Энэ дарамт нь өөрийнхөө хяналтад байнга байлгах зорилготой байдаг. Гэтэл нөгөө талаас сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоож, шийдэж өгч чадахгүй байгаа. Ямар хэмжээний хохирол учраад байгааг эдийн засгийн хувьд тооцоолж, ямар хэмжээний хохирлыг нөхөн төлөх вэ гэх асуудалд шүүх хараахан шийдэж чадаагүй байна.

-Монголчууд эрт дээр үеэс эмэгтэйчүүдийг яагаад дорд үзэж ирсэн юм бэ. Энэ нь юунаас үүдэлтэй байдаг юм бол.Та бодит жишээгээр тайлбар өгөөч?

-Олон янзын судалгааны эх үүсвэрүүдэд өөр өөрөөр тайлбарладаг. Миний харж байсан өнцөг бол Чингис хааны үед ээжийгээ, эмэгтэй хүнийг, охидыг харьцангуй өндөрт үздэг, дээр үеийн хуулиудад эмэгтэй хүнийг их сайнаар авч үздэг байсан бол энэ чанар Манжийн үед алдагдсан байдаг. Манжийн үед нэг үндэстэнг өөртөө усгаж, эрх мэдэлдээ авч, хяналтаа тогтоох гэж байсан учраас хувьсгалын үед зургаан эрэгтэйн нэг нь лам байсан гэдэг.

Тухайн үед эмэгтэйчүүдийн чадварыг мохоох, эмэгтэйчүүдтэй холбоотой хэлц үг гарч байжээ. Эмэгтэй хүн тулганаас дээшээ гарах ёсгүй гэх мэт эмэгтэй хүнийг илт үгүйсгэсэн зан заншлууд Манжийн үеэс үүдэлтэй байсан нь миний судалсан судалгаанд байдаг. Харин социалист нийгмийн үед квотын системээр эмэгтэй хүний эрхийн асуудлыг зохицуулж ирсэн. Гэтэл ардчиллын үед эмэгтэй хүнийг нөхөн үржихүйн эрүүл мэнд талаас нь олж хардаг. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хүний оролцоог хязгаарладаг, эрчүүдэд илүү их байр суурь олгодог гэх асуудал гарч байна. Бид үүний сөрөг үр дагаврыг зөндөө олж харж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэнцвэргүй байдал нийгэмд үүсдэг. Жишээ татахад, аавгүй, ээжгүй айл ямар байдаг билээ гэдэг шиг л.

Хүүхэд төрүүлэхийг эмэгтэйчүүдээс уриалаад, хүүхэд төрүүлээд байдаг. Энэ бол гэр бүл, үр хүүхэд төрүүлэх бодлогын алдаа юм. Ямар ч асуудалд шийдвэр гаргахдаа эрэгтэй, эмэгтэй тэнцвэртэй эргэж, оролцох ёстой. Мөн тэдний оролцоог бүрэн хангаж байх хэрэгтэй. Та хорвоод хүн болж төрснийхөө хувьд өөрийнхөө ажил төрлөөр, өөрөөрөө бахархаж амьдрах асуудлыг нийгэмд хөндөж байгаасай гэж боддог.

-Та Төрийн бус байгууллага байгуулаад 10 гаруй жил ажиллаж байна.Танд юу нь ашигтай юм бэ. Яах гэж, ямар үр дүнд хүрнэ гэж ТББ-ыг ажилуулдаг юм бэ?

-Би ээж хүн л дээ. Хоёр хүүхэдтэй. Ядаж, хөгшрөхөөс өмнө нийгэмдээ хийсэн бүтээсэн зүйлтэй баймаар байна. Мөн 10, 20, 30,40 жилийн дараа миний хүүхдүүд, хүүхдүүдийн хүүхдүүд тайван нөхцөлд амьдраасай гэж би зорьж энэ ажил руу орсон.

-Тэгвэл Монгол Улс хэзээ хөгжих вэ?

-Монгол Улс хөгжихгүй байхыг би хараад гайхаад байна л даа. Хөгжих бүрэн боломж Монголд бий. Хүн болгон хийсэн ажилдаа хариуцлагатай байх ёстой. Өнөөдөр бүх зүйлдээ мөнгө зарцуулж чадаж байна уу, чадаж байна. Зам тавьсан ч замын осол гараад байдаг, хүүхдийн цэцэрлэг барьсан ч байшингийн дээрээс ус гоождог, хүүхэд хүмүүжих орчин боломжгүй байна. Үүний хариуцлагыг хэн хариуцах вэ?

Тэгвэл бид хариуцлагын тогтолцоогоо бий болгож чадах шаардлагатай. Ард түмэн ухаантай, чадварлаг хүмүүс байдаг. Энэ хэцүү нийгэмд төрийг харахгүйгээр хэн ч амьдралаа чирээд явж чадаж байна шүү дээ. Гэтэл бидний татварын мөнгөөр ажиллаж байгаа нөхдүүд хариуцлагатай ажиллах ёстой. Жишээлбэл, Онцгой байдлын газар нисдэг тэрэг авна гэхэд хүмүүс туслалцаа үзүүлж, мөнгө хандивлахад мөнгө хаана, яаж зарцуулагдаж байна вэ гэж иргэд хяналт тавьж эхэлсэн. Үүнтэй адил хариуцлага, хяналтаа шаардаачээ монголчууд минь. Хариуцлагаа ойлгодог болчихвол Монгол Улс хөгжихөд нэг их олон жил болохгүй.

-Хариуцлагын асуудал гэдэг ганц төрийн байгууллагад биш бүх л байгууллагын хүмүүст байдаг. Ер нь монголчуудын хариуцлага их сул байна. Жишээлбэл, Хэвлэл мэдээллийн салбарт?

-Ер нь хариуцлагыг манайхан төрийн хүмүүст хамааруулж ойлгодог. Хариуцлагын асуудал байгууллага, хувь хүн бүрт хамаатай. Би гудамжинд хогоо хаях уу, үгүй юу гэдэг хувь хүний хариуцлагын асуудал. Тэр хогийг хаяуулахгүйн тулд цэвэрлэгээ хийж байгаа хүний хариуцлага, шаардлага байх ёстой юм. Ингэж шат шатандаа хариуцлагатай байвал хөгжинө. Хөгжсөн орнууд хариуцлагатай байж л хөгжиж байна. Задгай байгаад хөгжсөн улс хаана ч байхгүй.

-Гадаадын ямар орнуудад жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг яаж шийдвэрлэсэн байдаг юм бэ?

-Загвар болж байгаа Скандивын орнуудыг жишээ болгож ярьдаг. Эдгээр орнууд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг бодитой хэрэгжүүлж чаддаг гэж үздэг. Хамгийн их баланс алдагдаж байгаа орон 60, 50 хувийн харьцаатай байдаг юм билээ. Балансыг 50, 50 хувьтай барих ёстой.Тэгэхээр эдгээр орнуудад аливаа ажлыг эрэгтэй, эмэгтэй аль аль нь гүйцэтгэнэ. Иймд эрэгтэй, эмэгтэйн гүйцэтгэх боломжийг хангаж өгнө гэдэг их чухал юм. Жишээ нь, тэнд хүүхдээ ээж, аав хоёр нь асарч харахад зургаа зургаан сараар чөлөө өгдөг. Аль аль нь хүүхдээ харах үүрэгтэй иймэрхүү зохицуулалт хийсэн байдаг.

-Жендэрийн баланс яагаад алдагддаг юм бэ?

-Хаана эрх мэдэл болон эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөл байна тэр газарт алдагдаж байдаг.

-Уучлаарай, нэг асуулт нэмээд тодруулья. Миний таньж мэдэх хүмүүсийн эргэн тойронд өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд байна. Бага байхад нь ээж, аав хоёр нь салсан байх юм. Ийм амьдралыг сонсоод сэтгэл их эмзэглэдэг. Гэр бүл салалт жендэрт суурилсан хүчирхийлэлд нөлөөлж байна уу?

-Манай улсад ардчиллын жилүүдэд гэр бүл төлөвлөлтийн бодлого алдагдсан. Гэр бүл салалт Монголд маш өндөр байгаа. Жишээлбэл, 10-аас дээш жил амьдарсан хүмүүсийн салсан тоо өндөр хувьтай байдаг. Тэр хүмүүс тодорхой хэмжээнд амьдарч үзээд олон шалгуурыг давж, давж, гараад тэвчихээ болиод эцсийн бүлэгт салалтыг шийддэг. Үүнээс гадна гэр бүлийн гадуурхи харьцаанууд нэлээд их замбараагүй болсонтой холбоотой салалт үүсч байна. Хүмүүс нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ийм судалгаа байдаг юм.

Хүн худалдаалах хэргийн хохирогч болсон 50 хүүхдэд судалгаа хийхэд дундажаар хоёр нас хүртлээ өнчин болж хоцорсон байдаг. Аав нь орхиод явсан, хойд эцгийн гар харсан байна. Хойд эцгийн гар хараад ирсэн хүүхэд шоовдорлогдож, сэтгэл санаа болон бие махбодийн хүчирхийлэлд өртдөг. Зарим нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх жишээтэй.

Хүүхдүүд шилжилтийн 12-13 насандаа гэртээ орох дургүй болдог. 14-15 насандаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж эхэлдэг. Тиймээс хүүхдээ орхиод гарч яваа аав 10, 20 жилийн дараа ямар амьдралыг үлдээж байгаагаа сайн тунгаан бодох хэрэгтэй. Тэгэхээр хосууд гэрлэхдээ хариуцлагатай хандаж, гэр бүл салж, цуцлуулахдаа ч та эцэг, эх хүнийхээ үүргийг сайн биелүүлээсэй гэж би хэлмээр байна.

- Ер нь гэр бүл салалт ардчилал гарснаас хойш нэмэгдсэн үү?

-Бидний амьдарч байгаа цаг үе ийм болжээ. Социалист нийгмийн үед гэр бүл салсан хүмүүст хариуцлага тооцдог байсан. Гэхдээ гэр бүлийн гадуурхи харилцаа байгаагүй гэж хэлэхгүй, байсан. Харин одоогийн нийгэмд хүмүүс замбараагүй харилцаатай байгаа учир гэр бүл салалтад үзэгдээд байгаа үр дагавар өндөр байгаа юм.

-Ярилцлага өгсөн танд их баярлалаа

Б.Баярмаа