О.Насанбурмаа, П.Орхон, Б.Шоовдор нар түрүүллээ

Италийн Сассари хотод олон улсын "Мемориал Маттео Пелликоне" уламжлалт тэмцээн ХХI дэх удаагаа амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд Бразил, Вэнэсуэль, Грек, Израиль, Итали, Казахстан, Канад, Монгол, ОХУ, Румын, Украин, Франц зэрэг орны бөхчүүд өрсөлджээ.

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Орхон нэгдүгээр тойрогт италийн бөх Ф.Инделикатог 10:0, хоёрдугаар тойрогт Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг 12:0 онооны харьцаагаар дийлж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер Э.Гантуяаг цэвэр ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөхийг хожжээ.

Олон улсын хэмжээний мастер Э.Гантуяа хоёрдугаар тойрогт канадын бөх М.Фаззарийг 10:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд олон улсын хэмжээний мастер П.Орхонд цэвэр ялагдаж дагах барилдаанд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийг цэвэр хожиж хүрэл медалийн төлөө барилдаанд ялжээ.

60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор эхний тойрогт казахстаны бөх Е.Дунбае, хоёрдугаар тойрогт италийн бөх Э.Шафер нарыг дараалан цэвэр дарж хагас шигшээ барилдаанд канадын бөх Линда Мариустай хүнд барилдаан хийж 11:7 онооны харьцаагаар өвдөг шороодуулж алтан медалийн төлөө италийн бөх Бланка Лопезтэй барилдаж хожжээ. 

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг тойрогт оросын бөх А.Фоменког 7:0 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд оросын бөх А.Братчиковад 2:4 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд ялжээ. 

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт оросын бөх А.Бабкинаг оноогоор, хоёрдугаар тойрогт италийн бөх Д.Каневаг 4:1, хагас шигшээ барилдаанд оросын бөх К.Дудаеваг 12:2 онооны харьцаагаар хожиж алтан медалийн төлөө барилдаанд францийн бөх Л.Коумдаг 10:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

Олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг хоёрдугаар тойрогт оросын бөх К.Дудаевад ялагджээ. Манай эмэгтэй бөхчүүд дараа нь зургаадугаар сарын 17-19-ний өдрүүдэд Польш улсын Спала хотод болох ХХ удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд оролцоно.

Их сурвалж: www.news.mn