Нэг удаагийн цэнэглэлтээр 350 км явах чадвартай цахилгаан машин

“Tesla” компанийн тэргүүн Илон Маск тус компанийн төв байранд болсон арга хэмжээний үеэр “Model-3” загварын шинэ цахилгаан машиныг эзэмшигч эхний 30 хүнд түлхүүрийг нь гардуулан өгсөн ба тэд бүгд Tesla компанийн ажилтнууд ажээ.


Түлхүүр гардуулах үеэр И.Маск хэлэхдээ "8 дугаар сард Калифорни муж улс дахь тус компанийн цорын ганц үйлдвэрт дахин 100 орчим машиныг угсарна" гэж мэдэгджээ. “Tesla” компани энэ тоог 9 дүгээр сард 1500 автомашин хүртэл нэмэгдүүлэх гэж байгаа бол оны эцэс гэхэд сард 20 000 ширхэг автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм.

Цаашдаа тус компани үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлж, ирэх онд ойролцоогоор 500 мянган автомашин үйлдвэрлэх гэж байгаа бөгөөд үүнийг тун амаргүй зорилт гэдгийг И.Маск хүлээн зөвшөөрч байна. “Бид наад зах нь хагас жилийн турш үйлдвэрлэлийн тамд байх болно” хэмээн “Tesla”-ийн тэргүүн дээрх арга хэмжээний үеэр хэлжээ. Түүний ярьснаар, одоогийн байдлаар “Model-3”-ыг худалдаж авах 500 000 захиалга ирээд байгаа аж.

Цахилгааны автомашины “Model X”, “Model S” үнэтэй загваруудын хямд хувилбар болох "төсвийнхөнд зориулсан" “Model-3”-ын үнэ 35 000 доллароос эхлэх гэнэ. Уг машин нэг удаагийн цэнэглэлтээр 350 км явах чадвартай аж. Автомат жолоодлого бүхий уг машины дээд хурд нь 210 км/цаг ба 5,6 секундэнд 100км/цаг-ийн хурд авч чаддаг байна.

И.Маскийн ярьж байгаагаар, “Model-3” гарснаар цахилгаан автомашин хүн амын өргөн давхаргад хүртээмжтэй болох аж. “Бид хэзээ ч үнэтэй машин үйлдвэрлэх зорилго тавьж байгаагүй. Бид ямагт хүн болгон худалдаж авч чадахуйц тийм автомашиныг үйлдвэрлэхийг хичээдэг” хэмээн тэрбээр хэллээ. Харьцуулахад, “Model S” цахилгаан автомашины үнэ 70 мянган доллароос эхэлдэг байна.

“Tesla” компани 2003 онд байгуулагджээ. Эхэн үедээ “Tesla Motors” нэртэй байгаад 2017 оноос эхлээд “Tesla” гэсэн нэртэй болсон байна. Тус компанийн төв байр АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод байдаг ба эхэндээ тус компани дан ганц цахилгаан машины үйлдвэрлэлээр дагнаж байсан бол аажимдаа нарны зай болон бусад төрлийн эрчим хүч хуримтлуулах системийг үйлдвэрлэх болжээ.