Х.Төгөлдөр: Яг л дайны дунд орчихсон юм шиг санагдсан

Түймрийн аюул нөмөрч, монголчууд эрвийнх дэрвийхээрээ гал унтраахад оролцсон билээ. Энэ дундаа сайн дураараа нэгдсэн залуус түймрийн яг голомтод ажиллаж, Онцгой байдлын албаныхантай хамтран түймрийг унтраалцсан байна. Харин эдгээр залуусын төлөөлөл болсон 20 залууд БОАЖЯ-аас өнөөдөр “Идэвхитэн байгаль хамгаалагч” тэмдэгээр шагнаж, баяр хүргэлээ. Энэхүү шагнал нь анх удаа олгож байгаа гэдгээрээ онцлог ажээ. Мөн эдгээр залуус Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжид хяналт тавих, хэрэгжүүлэх, байгаль орчны зөрчлийг шалгах, эрх бүхий хүмүүсээр шалгуулах үүрэг хүлээж байгаа юм байна. Эдгээр залуус Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах дархан цаазат Өлгий, Шатанга зэрэг газруудад гарсан түймрийг унтраалцжээ. Бид эдгээр эх оронч залуусын төлөөлөл болсон нийслэлийн Багахангай дүүргийн иргэн Х.Төгөлдөртэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Анх яагаад түймэрт явах болов?

Энд тэндгүй түймэр асч, бүх л хүмүүс санаа зовж байсан үе л дээ. Тэгэхэд фээсбүүк орчинд “Гал сөнөөгөчиддөө туслая” гэсэн групп нээгдсэн байсан. Түүнд нэгдээд, эх орон шатаж байхад би ч гэсэн очиж туслах ёстой гэж бодоод л явсан. Анх төв талбай дээр цуглахаар болцгоосон. Би чинь хаа байсан Багахангайгаас ирж байгаа юм. Намайг очиход 58 машинтай 200 гаруй залуус хөдлөх гэж байсан. Ингээд л олон залуустай нэгдээд түймэр гарч байгаа Батсүмбэр суманд очсон. Тэнд очсон хойно биднийг хувиарлахад нь би 20 залуустай хамт түймрийн голомтруу явах гэж байсан фургонд суусан.

-Анх очиход чинь түймрийн голомтод нөхцөл байдал ямар байсан бэ?

Маш хүнд байсан. Онцгойгийн алба хаагчид маань ядарсан, багаж хэрэгсэл муутай тийм л байдалтай байсан. Яг л дайн болж байгаа газар ирчихсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Энд тэндгүй гал асаад, мод унаж, нилдээ утаатай. Бид нар очоод л Онцгойгийн залуусынхаа зааварчилгаагаар галыг унтраалцаж эхэлсэн.

-Багаж хэрэгсэл муу байсан гэсэн. Яг өөрийн чинь барьж байсан багаж гэвэл юу вэ?

2 ширхэг 25 литрийн усны сав, хүрз, тросон шүүр, ус шүрчигч л байна даа, бид нарын багаж. Тэгээд л өнөө саваараа ус зөөгөөд замаараа галаа унтраасаар яваад л уулынхаа оройг давна шүү дээ.

-Түймрийн голомт, ус хоёрын хооронд хэр зайтай вэ?

Түймрийн голомт хүртэл бараг 1 орчим  км байгаа байх. Бид нар галаа унтраахыг нь унтраагаад, цурманд оруулахыг нь оруулаад дараагийн газарлуугаа очдог байсан. Тэгээд л Онцгойгийн залуусаараа зааварчлуулаад л үзэж гарна.

-Танд дахин баяр хүргэе. Мэдээж олон, олон монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлье?

Баярлалаа. Гэхдээ биднээс илүүтэй манай Онцгойгийнхон маань үнэхээр мундаг. Тэд нартаа баярлалаа гэж хэлье. Тэд 5-р сарын 28-нд анх очсон байсан. Огт буугаагүй. Тэдний маань багаж зэвсэг үнэхээр дутмаг, муу байдаг юм билээ. Тиймээс үүнийг нь л маш яаралтай сайжруулах хэрэгтэй байх гэж бодож байна.