Д.Трампын зөвлөхүүд Хятадын эсрэг хоригийг боловсруулж эхэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн дээд түвшний зөвлөхүүд Хятадын эсрэг авах хэд хэдэн хориг арга хэмжээг боловсруулж байгаа ажээ. Энэ тухай Америкийн Засаг захиргааны нэрээ хэлэхийг хүсээгүй хоёр албан тушаалтан даваа гарагт "Politico" сонинд мэдээлсэн байна.

Тэдний ярьснаар, Цагаан ордонд боловсруулж буй хориг арга хэмжээ нь худалдааны хязгаарлалт болон бусад эдийн засгийн хоригоос бүрдэх аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон хэлэлцүүлэг даваа гарагт үргэлжлэх бөгөөд эцсийн шийдвэр энэ долоо хоногтоо багтан гарах ажээ. “Гэхдээ Ерөнхийлөгчийн шийдвэр ямар байхыг одоохондоо хэлэхэд арай эрт байна” гэж дээрх албан тушаалтнууд хэлсэн байна.

Хятад улс нь Умард Солонгосын асуудал дээр юу ч хийхгүй байна гэж Д.Трамп нэг бус удаа шүүмжлээд байгаа юм. Бээжингийн эрх баригчдад ихээхэн урам хугарч байгаагаа тэрбээр бямба гарагт тэрбээр дахин илэрхийлсэн байна.