К.Роналдуг шүүх хурал өнөөдөр болно

Алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналдуг шүүх хурал өнөөдөр Испанийн шүүхэд болно. Түүнийг хэдэн сая еврогийн татвараас зугтсан хэрэгт буруутгаж байгаа юм.

 

Испанийн прокуроруудын үзэж байгаагаар, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй хөлбөмбөгчин болох К.Роналду нь 2010 оноос хойших хугацаанд 14.7 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн байна.

Харин Испанийн “Реал Мадрид” багийн од К.Роналду үүнийг няцааж “миний ухаан санаа эрүүл байна. Би татвараас зугтаагүй” гэж мэдэгдэж байв.

Өдгөө 32 настай тэрбээр Испанийн татварын албаныхны хараанд өртсөн алдартай хөлбөмбөгчдийн нэг юм.

“Барселона” багт тоглодог Аргентины хөлбөмбөгчин Лионел Месси татвараас зайлсхийсэн нь өнгөрсөн онд тогтоогдсон бөгөөд түүнд 21 сарын хорих ял оноосон билээ. Гэхдээ "Л.Месси хорих ялын оронд 252 мянган евро төлж болно" гэсэн шийдвэрийг Испанийн шүүх энэ сарын эхээр гаргасан байна. Л.Мессигийн хувьд К.Роналдугаас хамаагүй бага буюу 4.1 сая еврогийн татвараас зугтсан хэрэгт холбогдсон юм.

Өнөөдөр К.Роналду өөрийгөө гэм буруугүй болохыг нотлох баримтуудыг Мадрид хотын шүүхэд өгөх аж.

Хэрвээ тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол наад зах нь 28 сая еврогоор торгуулж, 3.6 жилийн хорих ял сонсоно.