Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Улаанбаатар Смарт карт" ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга П.Баярхүү өчигдөр "Улаанбаатар Смарт карт" ХХК-ий үйл ажиллагаатай танилцлаа.

 

"Улаанбаатар смарт карт" ХХК-ий Ерөнхий захирал Юүн Жун И, Гүйцэтгэх захирал Г.Батзориг, Үйл ажиллагааны хариуцсан газрын захирал Р.Ган-Эрдэнэ, Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар компанийхаа үйл ажиллагааг танилцуулсан юм.

Нийтийн тээврийн үйлчилгээ цахим картын хэрэглээнд бүрэн шилжсэн учир цахим карт хэрэглэгчдийн тоо 3 дахин өсчээ. Үүнийгээ дагаад нийтийн тээврийн шугамын орлого нэмэгдэж, зорчигчид мөнгөний хайрцганд дутуу мөнгө хийх, мөнгө төлөхгүй байх явдлыг таслан зогсоож чадсан байна. Зөвхөн картаар зорчсоноор нийт орлого 23,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

"Улаанбаатар смарт карт" ХХК-ий зүгээс хэд хэдэн шийдвэрлэвэл зохих асуудлыг энэ үеэр танилцууллаа. Үүнд:

Хот орчмын тарифыг нэгдсэн нэг үнээр тогтоож, систем дээр автоматаар тохируулга хийх
Дамжин суултын хөнгөлөлт үзүүлэх тухай шийдвэрийг тээврийн хэрэгслийн төрөл, үнэ тарифтай уялдуулах
Автобусны камерууд, тоног төхөөрөмжийг ААН-үүдэд бүрэн хариуцуулж өгөх
Гэрээт цэг байгуулах боломжгүй газруудад карт цэнэглэх болон борлуулах үйлчилгээ үзүүлэх
Нийтийн тээврийн цагаар явдаг системийг солих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх тал дээр хамтран ажиллахыг хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийтийн тээврийн үйлчилгээг энэ дөрвөн сараас хойш бүрэн картын системд амжилттай нэвтрүүлж чадлаа. Одоо та бүхэн үйлчилгээгээ иргэдэд улам ойртуулж ажиллах хэрэгтэй. U Money картыг цэнэглэх олон боломжит хувилбаруудыг судлах нь зүйтэй. Онлайнаар картаа цэнэглэдэг үйлчилгээг судлаж үзээд боломжтой бол үйлчилгээндээ нэвтрүүлвэл иргэд заавал карт цэнэглэх цэгээр үйлчлүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Үүнээс гадна автобус компаниудтай харилцан уялдаатай ажиллаж, нийтийн тээврийн үйлчилгээг улам сайжруулах хэрэгтэй. Та бүхэнд тулгамдаад байгаа асуудлуудад судалж, НЗДТГ-ын зүгээс боломжтой бүх зүйл дээр дэмжиж ажиллах болно." хэмээлээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар смарт карт ХХК 1271047 карт борлуулснаас 1047215 картыг иргэд ашиглаж байна.