Террористууд Сидней Абу-Даби чиглэлийн зорчигч тээврийн онгоцыг сөнөөх гэж байжээ

Австралид баригдсан террорист хуйвалдааны оролцогчид Сидней - Абу Даби чиглэлд нислэг үйлддэг Эмиратын агаарын тээврийн "Etihad Airways" компанийн онгоцыг сөнөөхөөр төлөвлөж байжээ. Энэ тухай мягмар гарагт "Daily Telegraph" сонин мэдээллийн эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Өнгөрсөн бямба гарагт явуулсан терроризмын эсрэг ажиллагааны үеэр баривчлагдсан Сидней хотын дөрвөн оршин суугчийн нэрийг "The Sydney Morning Herald" сонинд нийтэлжээ. Тухайлбал, Халед Мерхи, түүний хүү Абдул Мерхи, Халед Хайат мөн түүний хамаатан Махмуд Хайат нар ажээ. “Нисэх онгоц сөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан эдгээр дөрвөн этгээд Сирийн зэвсэгт этгээдүүдтэй холбоотой байсан” гэж тус сонин баталжээ.

Террорист халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээллийг Австралийн хууль сахиулах байгууллагууд АНУ, Их Британийн тусгай албадаас хүлээн авсан болохыг тус сонин баттай эх сурвалжийг иш татан мэдээлжээ.

Сүүлийн өдрүүдэд Австралийн эрх баригчид аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах болсонтой холбоотойгоор Австралийн нисэх онгоцны буудлуудад зорчигчдын очер дараалал асар ихээр үүсэх болжээ.

Даваа гарагт тус улсын Ерөнхий сайд Малколм Тернбуллын мэдээлснээр, нисэх онгоцны буудлуудын хяналт шалгалтыг чангатгасан арга хэмжээ тодорхой хугацаанд мөрдөгдөнө гэжээ.