ОХУ-аас Америкийн дипломатчдыг хөөн гаргасны хариуд АНУ арга хэмжээ авна

Оросоос Америкийн дипломатчдын тодорхой хэсгийг хөөн гаргах тухай Москвагийн шийдвэрийн үр дагаврыг Вашингтон судалж, Оросын дээрх үйлдэлд ямар хариу барих талаар хэлэлцэж байгаа аж. Энэ тухай даваа гарагт Төрийн департаментын төлөөлөгч ТАСС-ын сурвалжлагчид мэдээлжээ.

“Бид ийм хязгаарлалтын үр дагаврын үнэлгээг хийж байна, бас дээрх үйлдэлд ямар хариу барихаа хэлэлцэж байна. Энэ талаар одоохондоо өөр тайлбар хийх боломжгүй” гэж төлөөлөгч хэлжээ.

Оросоос Америкийн дипломатчдыг хөөн гаргах тухай Москвагийн шийдвэр нь “ямар ч үндэслэлгүй” харамсал төрүүлсэн шийдвэр гэж Төрийн департаментын төлөөлөгч мэдэгджээ.

“Оросын Засгийн газар Орост байгаа Америкийн дипломат ажилтнуудын нийт тоог 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 455 хүртэл бууруулах шийдвэр гаргасан. Энэ бол ямар ч үндэслэлгүй, харамсал төрүүлсэн үйлдэл” хэмээн тэр батлан хэлжээ.

Мөн Орос улс 8 дугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын элчин сайдын яамны ашигладаг Москвагийн Дорожный гудамжинд байрладаг агуулахын байр, Серебряный бор-д байдаг зусланг ашиглахыг нь хоригложээ.